Зургадугаар сарын эхээр Украины сөрөх давшилт эхэлсэн талаарх мэдээлэл гарч, үүнийг барууны орнууд болон Украины тал өөрсдөө баталж байсан. Сөрөх давшилт эхэлснээс хойших нэг сарын хугацаанд ОХУ-ын армийн өндөр албан тушаалын олон офицер амиа алдсан гэж ВВС агентлаг Медиазона хэвлэлтэй хамтран гаргасан эрэн сурвалжлах нийтлэлдээ онцолжээ.
ВВС болон Медиазона агентлагийн сэтгүүлчид сайн дурынхантай хамтран, нээлттэй эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулж, сөрөх давшилт эхэлснээс хойш Оросын 240 гаруй цэрэг амиа алдсан гэдгийг тогтоосон байна.
Зургадугаар сарын 4-7-ны өдрүүдэд сэтгүүлчид болон сайн дурынхан 553 хүн амиа алдсан гэдгийг тогтоосон ч тэдгээрийн 313 нь хэзээ амиа алдсан талаарх мэдээлэл олдоогүй аж.
Эндээс харахад, Украины сөрөх давшилт эхэлснээс хойш Оросын арми хамгийн багадаа 240 хүнээ алдсан гэж ВВС агентлаг үзэж байна. Тэдний дунд нэг генерал, хоёр хурандаа, гурван дэд хурандаа гээд нийт 18 офицер багтаж байгаа аж. Гэхдээ энэ тоонд зургадугаар сарын сүүлээр вагнерчуудын гаргасан бослогын үеэр амиа алдсан 13 нисгэгчийн тоо багтаагүй гэдгийг онцолсон байна.
Харин Украинд дайн дэгдээснээсээ хойш буюу 2022 оны хоёрдугаар сараас өнөөг хүртэлх хугацаанд Оросын Зэвсэгт хүчин 27 243 цэргээ алдсаныг сэтгүүлчид тогтоожээ. Энэ нь гагцхүү баримтаар нотлогдсон тоо бөгөөд бодит байдал дээр үүнээс ч их байхыг үгүйсгэх аргагүй юм.
Сүүлийн үед хохирол улам нэмэгдэх болсон байна. Тодруулбал, өнгөрсөн онд Оросын эх сурвалжууд долоо хоног бүр 250-300 орос цэрэг амиа алдсан талаарх мэдээлэл түгээж байсан бол одоо энэ тоо 600-700-д хүрчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |