Хичээлийн дарамтаас болж амиа хорлох үзэгдэл Хятадын сурагчдын дунд эрс нэмэгджээ. Энэ талаар Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлсэн байна.
Судалгаанаас харахад, 2010-2021 онуудад 5-14 насны хүүхдүүд амиа хорлох үзэгдэл 10 хувиар нэмэгджээ. Харин 15-24 насныхан амиа хорлох нь 2017 он хүртэл долоон хувиар буурсан ч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 20 хувиар нэмэгдсэн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, хүүхэд, залуусын дунд амиа хорлолт нэмэгдэх болсон нь энэ насныхан сургалтын дарамтаас болж стресс, сэтгэл санааны гутралтай нүүр тулдагтай холбоотой гэнэ. 2022 онд хийсэн хүн амын судалгаагаар сэтгэл гутралд орсон нийт хүмүүсийн тал хувь нь оюутнууд байжээ.
Түүнчлэн коронавирусийн цар тахал болон ажилгүйдэл залуусын сэтгэлзүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснийг онцолсон байна. Тиймээс эрх баригчдад хандан сэтгэл гутрал, амиа хорлох эрсдэлийг эрт илрүүлэх хөтөлбөрт нэн тэргүүнд анхаарал хандуулахыг шинжээчид уриалжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |