ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш барууны орнууд дотоод нөөцөөсөө зэвсэг гарган Украинд нийлүүлж байгаа. Харин Болгар ийм арга хэмжээ авахаас татгалзжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Болгарын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ "Танай армийн хүч суларчихна гэж бодоод та Украинд зэвсэг нийлүүлэхийг дэмжихгүй байна уу эсвэл Украиныг бэхжүүлэхийг дэмжихгүй байгаа юм уу?" хэмээн асуужээ.
Болгарын Ерөнхийлөгч Румен Радев Украины ард түмэнтэй эв санаа нэг гэдгээ илэрхийлээд, батлан хамгаалах чадварт нөлөөлнө гэж үзсэний улмаас зэвсэг нийлүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.
Болгарын батлан хамгаалах чадварыг хариуцах ёстой тул дотоод нөөцөөс зэвсэг шилжүүлэн өгөхийг дэмжихгүй байгаа хэмээн Радев онцлоод Орос, Украины дайныг цэргийн замаар шийдэх боломжгүй хэмээн нэмж өгүүлжээ. "Их зэвсэг байлаа гээд энэ дайныг шийдэхгүй" хэмээн Радев мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, Володимир Зеленский долдугаар сарын зургааны өдөр Болгарт айлчилсан юм. Үүний дараа тэрбээр Чехийг зорьсон бөгөөд харин өнөөдөр буюу долдугаар сарын долооны өдөр Туркэд очин, Ерөнхийлөгч Эрдогантай уулзах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |