БНХАУ-ын дарга Ши Жинпинь 2023 оны гуравдугаар сард Москвад айлчилж, Путинтэй уулзах үеэрээ Украинд цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг анхааруулсан гэнэ. Энэ талаар Баруун болон Хятад дахь албаны этгээдүүдээс авсан эх сурвалжтайгаар Financial Times сонина мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр орны төрийн тэргүүний хамтарсан мэдэгдэлд тусгасан цөмийн цохилт өгөхгүй байх тухай заалт нь чухамхүү Ши Жинпинийн заавраар оруулсан заалт аж. Ингэснээр БНХАУ-ын дарга Бээжин ил хийгээд далд хэлэлцээрд ч цөмийн зэвсгийн эсрэг зогсдог гэдгээ барууныханд харуулахыг зорьсон гэж эх сурвалж онцолжээ.
Энэ мэдээлэл гарсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллийг батлаагүйн дээр гагцхүү хэлэлцээрийн үед гарын үсэг зурсан албан ёсны баримт бичгүүд дээр тулгуурлан мэдээлэл түгээхийг уриалсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |