ОХУ-ын иргэд машинтайгаа Герман руу нэвтэрвэл машиныг нь хураана

2023 оны зургадугаар сарын сүүлээс Оросын иргэд Герман руу машинтайгаа аялах үед хувийн автомашиныг нь хурааж байгаа гэх мэдээлэл Оросын хэвлэлүүдээр гарчээ.
Тодруулбал, зургадугаар сарын 30-ны өдөр "Фонтанка" сонинд нийтлэгдсэн мэдээлэлд өгүүлснээр, Германд ОХУ-ын иргэдийн Оросын дугаартай машиныг "хоригт заасан" гэсэн шалтгаанаар хурааж эхэлсэн байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор РБК агентлаг ХБНГУ-ын Гаалийн ерөнхий газраас тодруулга авчээ.
Гаалийн газрын мэдээлснээр, ОХУ-ын иргэд хувийн машинтайгаа Герман руу зорчвол үүнийг ОХУ-ын эсрэг тавьсан Европын хоригийг зөрчсөн гэж үзэх гэнэ. Европын хууль тогтоомжид хориг арга хэмжээний хүрээнд автомашиныг хурааж болох талаар тодорхой тусгаагүй ч гаалийн ажилтнууд машин хураах нь хуульд нийцсэн үйлдэл гэж үзэх аж.
Хэдийгээр хуульд нарийвчлан тусгаагүй ч Оросын иргэдийн машиныг хурааж эхэлсэн, түүнчлэн Гаалийн байгууллага ч үүнийг баталсан тул Оросын хэвлэлүүд олон нийтэд хандан Герман руу зорчихдоо хувийн тээврийн хэрэгслээ ашиглахгүй байхыг уриалсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ