Зургадугаар сард Атлантын далайн ёроолд сүйрч, таван хүний амь насыг авч одсон Титан шумбагч аппарат таван жилийн өмнө аянганд цохиулж, ноцтой гэмтэл авч байжээ. Энэ талаар ярьсан дүрс бичлэг Юүтүб хуудаснаас устгагдсан гэж The Insider мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Титан шумбагч онгоцыг эзэмшдэг Ocean Gate компанийн захирал, зургадугаар сард болсон сүйрлийн улмаас амиа алдсан Стоктон Раш нэгэн ярилцлагынхаа үеэр Титан шумбагч аянганд цохиулсан талаар ярьж байжээ. Энэ ярилцлагыг 2020 оны зун Юүтүб хуудсанд нийтлэж байсан ч дараа нь устгасан байна.
"Азаар энэ бол шууд цохилт байгаагүй. Нүүрстөрөгчийн утсанд аянга цохисон бол аппарат бүрэн ажиллагаагүй болох байлаа" хэмээн Раш ярьж байжээ. Түүний өгүүлснээр, аянганд цохиулсны улмаас гэмтсэн бүхий л эд ангийг мэргэжилтнүүд сольсон байна. Аянган цохиулснаас болж дотоод системийн 70 хувь нь гэмтэж байжээ.
Титаны сүйрэл
Зургадугаар сарын 22-ны өдөр жуулчдыг суулгасан шумбагч аппарат тэнгисийн ёроолд байх Титаник хөлөг онгоцыг үзэхээр далайн гүн рүү шумбасан юм. Гэсэн ч удалгүй холбоо тасарснаар шумбагчийг эрэн хайх ажил эхлүүлж байлаа. Үүнээс хэд хоногийн дараа Титан шумбагч аппарат сүйрсэн байхыг далайн ёроолоос олсон юм. Ингээд дотор нь байсан таван хүн бүгд амиа алдсан байна.
Шумбагч аппаратад жолоодогч, гурван жуулчин, хөтөч гээд таван хүн байжээ. Тодруулбал, 59 настай Британийн бизнесмен, аялагч Хэмиш Хардинг, Пакистаны бизнесмен Шахшада Давуд болон түүний хүү Сулеман гэсэн гурван жуулчин, мөн шумбагч аппаратыг эзэмшдэг OceanGate компанийн ерөнхий захирал Стотктон Раш, аппаратыг жолоодогч, Францын цэргийн шумбагч асан, Титаникийг судлаач Поль-Анри Наржоле нар байжээ.
Таван хүний бүрэлдэхүүнтэй шумбагч аппарат ням гарагийн өглөө далай руу шумбаснаасаа хойш 1 цаг 45 минутын дараа холбоо тасарсан аж. Маргааш өдөр нь АНУ-ын Эргийн хамгаалалтын контр-адмирал Жон Могер эрлийн ажил эхлэснийг зарлаж, алслагдсан бүсэд эрэн хайх ажил явуулах нь нэн хүнд сорилт хэмээн ноцолж байв. Шумбагч аппаратыг хайхад эхлээд цахилгаан аппарат ашиглаж байсан бол дараа нь, жолоодогчгүй шумбагч аппаратыг далайн гүнрүү оруулсан байна. Улмаар Эргийн хамгаалалт шумбагч аппаратыг усны гадаргуу дээрээс хайхын тулд хоёр С-130 Геркулес онгоц хөөргөсөн бол удалгүй Канадын С-130, Р8 онгоцууд эрлийн ажилд нэгджээ.
Далайн ёроол руу хийсэн аяллын бүрэлдэхүүнд багтсан Хэмиш Хардинг бол хувийн онгоцны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, Дубайд төвтэй Actio Aviation компанийн тэргүүн юм. Харин Пакистаны бизнесмен Давуд Пакистаны чинээлэг эгр бүлээс гаралтай, тэрбээр хүүгийнхээ хамт далайн ёроол руу хийсэн аялалд гарчээ.
Титаник онгоцны үлдэгдлийг харах далайн гүний энэ аялалд гарахын тулд тэд тус бүр 250 мянган доллар буюу монгол мөнгөөр тооцвол 874 сая төгрөг төлсөн байна. Шумбагч аппарат далайн ёроол руу шумбаж, Атлантын далайн ёроолд 3800 метрийн гүнд байгаа Титаникийг харж, эргээд усны гадаргуу руу гарч ирэхэд нийтдээ найман цагийг зарцуулдаг байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |