Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагчийн адилаар хуягт галт тэргээр зорчдог гэсэн мэдээлэл хэдэн сарын өмнө ил болж байлаа. "Досье" төслийн мэдээлснээр энэ галт тэргийг тохижуулахад Оросын төсвийн хөрөнгөөс 6,8 тэрбум рубль буюу монгол мөнгөөр тооцвол 326 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.
"Досье"-ийн мэдээлснээр, 2017 оны гуравдугаар сард "Циркон Сервис" компани ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд зориулан тусгай спорт-эрүүлжүүлэх вагон бүтээх үүрэг авсан гэнэ. Энэ тусгай вагонд бэлтгэлийн танхим, турк маягийн угаалгын өрөө, гоо сайхны өрөө, уушгины хиймэл амьсгалын аппарат, зүрхний аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон өрөө байдаг аж. Харин ажлын өрөө нь гаднаас чагнахаас хамгаалагдсан байх бөгөөд "акустик мэдээлэл алдагдахаас хамгаалах аппарат хэрэгсэл" суурилуулсан байдаг гэж Досье мэдээлжээ.
Гоо сайхны өрөөнд залуужуулах үйлчилгээ хийх хэрэгслүүд ч байдаг гэнэ. Энд радиолифтингийн аппарат, гоо сайхны комбайн, шарагч гэрэл, хэт авиан эмчилгээний аппарат байдаг аж. Ийм төхөөрөмж нь өндөр давтамжийн радио долгион гаргаж, арьсыг залуужуулдаг, вакуум цэвэрлэгээ, ионофорез, бичил массаж, лимфодренаж зэрэг эмчилгээг хийдэг юм байна. Бэлтгэлийн танхимд нь штанг байдаггүй, харин бусад төрлийн хэрэгслүүд, найман килограмм хүртэлх жинтэй туухайнууд байдаг гэнэ.
Тусгай вагонд гарах зурагтуудыг тохируулах ажлыг Москвагийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд хийжээ. Галт тэрэгний цувааг туршилтын үеэр вагон гүүр эсвэл өндөр барилгын хажуугаар явах үед зурагт дохио алдаж байгаа нь тогтоогдсон тул тохируулга хийн, ганцхан суваг гаргадаг болгосон аж.
Тусгай галт тэрэгний бүрэлдэхүүнд 22 вагон ашигладаг, гэхдээ ихэвчлэн тэдгээрийг нэг дор ашигладаггүй бөгөөд нэг удаагийн аялалд 10 орчим вагон гаргадаг гэнэ.
Одоо "Циркон" Ерөнхийлөгчид зориулсан өөр хэд хэдэн төсөл дээр ажиллаж байгааг "Досье" онцолсон байна. Тэдгээрийн нэг нь дуу, дүрс бичлэгийн өрөө бөхий танхим, хоёр дахь спорт, эрүүл мэндийн вагон аж. Түүнчлэн люкс зэрэглэлийн хоёр вагон бэлтгэж байгаа бөгөөд үүний нэгд дөрвөн купе, бар байх бол хоёр дахьд нь зургаан купе байхаар төлөвлөжээ. Мөн тусгай холбоо бүхий вагон-ресторан, амралт болон хэлэлцээ хийхэд зориулсан хоёр ажлын вагон бүтээхээр төлөвлөж байгаа гэнэ.Энэ бүх тусгай галт тэрэгт төсвөөс 6,8 тэрбум рубль буюу монгол мөнгөөр тооцоолвол 326 тэрбум төгрөг зарцуулжээ.
Эдгээр мэдээллийг олж авсныхаа дараа Досье вагоны тохижилтыг хариуцаж буй "Циркон Сервис" компанитай холбогдоход сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзсан байна. Түүнчлэн Кремлийн хэвлэлийн алба Путинд спорт, эрүүл мэндийн вагон байдаггүй хэмээн хариулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |