Эдийн засаг хүндэрч, иргэдийн худалдан авалтын чадвар муудахын хэрээр иргэдийн өр зээл тавих нь ихэсдэг. Энэ хүн хэцүү үед хүмүүс гар утасны аппликейшнээр дамжуулан зээл авах тохиолдол эрс нэмэгджээ. Учир нь арилжааны банкнууд бага дүнтэй зээл олгохоо хязгаарлаад буй энэ үес амар хялбар, хурдан шуурхай, шалгуур багатай зэрэг шалтгаанаар иргэд сүүлийн үед гар утасны аппликейшнийг сонгож их бага хэмжээний зээл авдаг болжээ. Аппликейшнээс гэх нэрийн цаана оршиж буй БССБ-уудын талаар иргэдийн мэдэх ёстой зүйлүүд бишгүй олон байсан юм.
Гар утасны аппликейшнээр мөнгө авсан хэд хэдэн хүнээс тодруулахад:
Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэн С.Ичинхорлоо
Би хэд хэдэн апплткейшнд зээлтэй байгаа. Жишээ нь Lend.mn, Pocket, Zeel.mn зэрэгт нийлээд 5 сая төгрөгийн зээл авсан. Энэ нь хүү ихтэй хэдий ч амар санагддаг. Учир нь олон төрлийн бичиг баримт хөөцөлдөөд байхгүй, хүнээс мөнгө гуйхгүй, ломбарданд байн байн очиж юмаа тавихгүй болохоор их хэрэгтэй санагддаг. Гэхдээ нэг л удаа зээл авчих юм бол дараа дараагийн удаа нэн шаардлагагүй ч гэсэн зээл аваад л байх юм билээ. Тиймээс ёстой л зээлээс зээлийн хооронд амьдарч байна даа. Бид зээлээс зээлийн хооронд байгаа учраас хамаг цалингаа хүүнд нь өгөөд гартаа ширхэг ч төгрөг авч чадахгүй байгаа нь боолын нийгэмд амьдарч байгаа мэт л амьдарч байна. Энэ бол их харамсалтай зүйл шүү.
МУБИС-ын оюутан Л.Нарангэрэл
Хамгийн анх найзынхаа төрсөн өдөрт мөнгө олдохгүй болохоор нь зээл өгдөг аппликейшн судлаад 100 мянган төгрөгийн зээлийн эрх үүсэж байсан. Байнга гэр бүлийнхнээсээ мөнгө аваад байх хэцүү болохоор зээлийн аппликейшн надад их тус болсон. Эхлээд зээл аваад төлөхөд миний зээлийн эрх ихсэж эхэлсэн. Ингээд л байгаагынх нь зоргоор авсаар байтал өрнөөс өрний хооронд бараг дарамт болж эхэлсэн. Өртэй гэж бодохоор л сэтгэлзүйд хүртэл хүчтэй нөлөөлж эхэлсэн. Дээрээс нь зээлийн хүүгийн хамгийн бага нь л хоёр хувь байдаг шүү дээ. Одоо бол хааяа л зээл авдаг. Бараг зээл авахгүй байхыг л хичээж эхэлсэн дээ.
Зээлийн аппликейшныг судлахад 2016 онд Lend.mn хэрэглээнд нэвтэрсэн байна. Үүний араас 2020-2021 буюу коронавирусын цар тахлын үед зээл олгодог аппликейш олон тоогоор нэмэгдсэн байгаа юм.
Санхүүгийн зохицуулах хорооны судалгаагаар одоогийн байдлаар нийслэл хотод амьдарч буй иргэдийн 61 хувь буюу таван хүн тутмын гурав нь ямарваа нэгэн байдлаар гар утасны аппликейшнээр дамжуулан зээл авсан байна. Мөн тэдний 30.1 хувь нь хэд, хэдэн аппликейшнээс зэрэг зээл авч үзсэн байна. Хамгийн их ашигладаг аппликейшнүүдийн хувьд Sono, Numur, Lend.mn, Zeely.mn зэргийг ихээр ашигладаг хэмээн гарсан байна.
Үүнээс харахад бид нийгэм цаг үеэ дагаад амар хялбар аргаар зээл авах нь ихэссэн. Амар хялбар хэмээн хүмүүст ойлголт өгдөг энэхүү маркетингийн цаана асар их өрийн дарамт мөн нэг зээлийг хаахын тулд нөгөө зээлийг авч, улмаар хугацааг нь сунгах маягаар удаан хугацааны өрөнд орох тохиолдол гарч байгаа юм. Иргэд цалингаас цалингийн хооронд бус зээлээс зээлийн хооронд амьдарч байна.
Уншиж байна |