Гуравдугаар сарын 20-ны даваа гарагт БНХАУ-ын дарга Ши Жинпинь ОХУ-д хүрэлцэн очиж, албан ёсны айлчлалаа эхлүүлсэн. Түүнийг Москвад хүргэсэн онгоц, Москвагаар зөөх машин болон буудалласан зочид буудлын талаарх мэдээллийг Орос хэвлэлүүдээр гарсан мэдээлэлтэйгээр хүргэж байна.
Ши Жинпиний онгоц
Ши Жинпинь Эйр Чайна агаарын тээврийн компанийн шинэчлэгдсэн Боинг-747-400 онгоцоор ОХУ-д иржээ. БНХАУ-д ийм онгоц хоёр байдаг аж. 1988-2009 оны хооронд үйлдвэрлэгдэн гарч байсан энэ онгоцны тус бүрийн үнэ нь 250 сая орчим доллар байдаг гэнэ.
Москва хотоор Ши Жинпинийг зөөх унаа
БНХАУ-ын даргын цуваанд багтдаг Hongqi N701 хуягт лимузингээр Ши Жинпинь зорчих аж. Hongqi гэдэг нь "улаан туг" гэсэн утгатай бөгөөд 1960-аад онд Коммунист намын. соёлын хувьсгалтай холбоотой мэдээ нийтлэл хэвлэдэг байсан улс төрийн хүрээний сэтгүүлийг ийн нэрлэдэг байжээ.
Таван метр урттай, 762 морины хүчтэй хөдөлгүүр бүхий премиум ангиллын энэ автомашиныг FAW концерн 2022 оноос эхлэн үйлдвэрлэж байгаа аж. Гэхдээ энэ машиныг энгийн иргэдэд худалддаггүй, гагцхүү Хятадын намын албан тушаалтнуудад зориулагдсан аж. Албан бус мэдээллээр, 10 жилийн хугацаанд нийтдээ ердөө 50 машин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Хятадын тэргүүнийг юугаар дайлав?
БНХАУ-ын дарга даваа гарагт Москвад газардсаныхаа дараа Кремльд оройн зоог барьжээ. Комсомольская правда сонины мэдээлснээр, Ши Жинпинийг дайлсан оройн зоогны цэсэнд Алс Дорнодоос авчирсан далайн бүтээгдэхүүний зууш, өндөг, мөөгтэй шарвин, загасны шөл, тоорын сүмстэй бугын мах зэрэг хоол багтсан гэнэ. Харин амттанд "Павлова" хэмээх шинэхэн жимстэй безе бялуу өгчээ.
Ши Жинпиний буусан зочид буудал
Москвагийн Зүүн хойд захиргааны тойрог дахь Вильгелм Пикийн гудамжинд байх "Парк Хуамин" хэмээх Хятадын бизнес төвийн нутаг дэвсгэр дээр байрлалтай Soluxe Hotel Moscow хэмээх таван одтой буудалд Ши Жинпинь буужээ.
Энэ буудлын люкс өрөөнд Ши Жинпинь айлчлалынхаа үеэр байрлах бөгөөд энэ өрөө нь нийт 373 кв.м талбай бүхий долоон тасалгаатай аж. Энд тансаг зэрэглэлийн зочны өрөө, хоолны өрөө, бар, гал тогоо, тусдаа угаалгын өрөө бүхий хоёр унтлагын өрөө, жакузи байдаг гэнэ. Мөн ажил хэргийн уулзалтад зориулсан хэлэлцээрийн өрөө болон ажлын өрөө ч бий.
Сонирхуулахад, энэ зочид буудал захиалга ихтэй, энэ оныг дуустал бүх өрөөний захиалга дүүрчээ. Энэ буудлын хамгийн өндөр үнэтэй өрөөнүүдийн нэг болох "Амбассадор"-т нэг шөнө хоноглоход 90 мянган рубль буюу 4,5 сая орчим төгрөг байдаг аж. Харин Ши Жинпинийн байрласан "Хуамин" хэмээх ерөнхийлөгчийн өрөөний үнэ хөлсний талаарх мэдээллийг сайт дээрээ бичээгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |