Олон улсын эрүүгийн шүүх баасан гарагт хуралдаж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн Эрхийг хамгаалах Үндэсний Хорооны дарга Мария Львова-Белова нарыг Украины олон хүүхдийг хулгайлан ОХУ-руу аваачих үйл ажиллагааг зохион байгуулсан гэж үзэн баривчлах шийдвэрийг гаргасан.
Путинийг баривчлах тухай Гаагийн шүүхийн шийдвэр хэрэгжих боломжтой юу
Олон улсын эрүүгийн шүүх нь геноцид, дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийн хариуцагч этгээдүүдийг мөрдөн шалгах, хариуцлага хүлээлгэх анхны олон улсын эрүүгийн хуульзүйн байнгын ажиллагаатай байгууллага юм. Энэ шүүх 2002 оны долдугаар сарын нэгний өдрөөс албан ёсны ажлаа эхлүүлж байв.
Энэ шүүх Гаагд байрладаг. Гэхдээ Хурлын шүүгчийн хүсэлтээр өөр газарт ч шүүх хурлыг явуулж болдог юм. Олон улсын эрүүгийн шүүхийг мөн л Гаагд төвтэй Олон улсын шүүхтэй андуурах нь олонтаа. Олон улсын шүүх нь НҮБ-ын бүрэлдэхүүнд байдаг бол Олон улсын эрүүгийн шүүх НҮБ-ын харьяанд багтдаггүй, гэхдээ НҮБ-ын Аюулгүйн зөвюлөлийн танилцуулснаар хэрэг үүсгэн шалгаж болдог аж.
Олон улсын эрүүгийн шүүх оршин тогтнох хугацаандаа буюу 20 жилийн хугацаанд гурван ерөнхийлөгчийг баривчлах шийдвэр гаргаж байжээ.
2009 он- Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир. Түүнийг Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэн өгөөгүй байгаа.
2011 он- Ливийн Ерөнхийлөгч Муаммар Каддафи. Тэрээр Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө зогсож амжаагүй, босогчдын гарт амиа алдсан юм.
2011 он- Кот-д'Ивуарын Ерөнхийлөгч Лоран Гбагбо. Түүнийг баривчлах шийдвэр гаргах үед тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан байсан, мөн түүнийг цагаатгажээ.
2023 он- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин.
Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах шийдвэрийг гуравдугаар сарын 17-ны өдөр гаргасан юм. Түүнийг Украины эзлэгдсэн нутгуудаас хүүхдүүдийг хууль бусаар Орос руу зөөсөн хэрэгт буруутгаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |