Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт эхэлсний хариу болгон ойр ойрхон пуужин харвасан Хойд Солонгос энэ удаад тив алгасагч пуужин харвасан талаар Коммерсант мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Сунан бүсээс Япон тэнгисийн зүгт алсын тусгалтай баллистик пуужин хөөргөсөн гэж Өмнөд Солонгос болон Японы цэргийнхэн мэдэгдсэн байна. Энэ нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ель болон Японы Ерөнхий сайд Фумио Кишида нар Токиод хэлэлцээ хийхээс хэдхэн цагийн өмнө болсон гэж Ёнхап агентлаг онцолжээ.
Японы Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Хойд Солонгос тив алагсагч пуужин хөөргөсөн бөгөөд энэ пуужин 70 минут нисэж, нислэгийн дээд өндөр нь 6000 км байсан гэнэ. Энэ пуужин хэдэн мянган километр туулж, Япон тэнгист унасан байна.
Энд дуулгахад, БНАСАУ гуравдугаар сарын 12, 14-ний өдрүүдэд пуужин харваж байлаа. Гуравдугаар сарын 14-нд дунд тусгалын пуужин харвасан бөгөөд энэ пуужин 611 км зайд байрлах байг устгасан гэж Хойд Солонгосын тал мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |