Украины хямрал эхэлж, Оросоын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тавьсны дараа дэлхийн эрчим хүчний зах зээл дээр бужигнаан үүсэв. Логистикийн хэлхээ алдагдаж, шиниийг үүсгэхэд ихээхэн цаг хугацаа шаардсан энэ үед ОХУ нүүрс нийлүүлэлтийн тал дээр ихээхэн амжилт олсон гэж Хятадын SOHU хэвлэл мэдээлжээ.
"ОХУ боломжийг ашиглаж, Хятад руу нийлүүлсэн нүүрснээсээ ихээхэн ашиг олсон" гэж Sohu хэвлэлийн тоймчид онцолсон байна.
БНХАУ дэлхийн томоохон эрчим хүчний түүхий эд, тэр дундаа нүүрсний импортлогч орон юм. Нүүрсний импортын ихэнх хэсгийг Австрали, Монголоос нийлүүлдэг байв. Гэвч энэ хоёр оронтой харилцах хамтын ажиллагаа сүүлийн үед бүтэлгүйтсэн гэж эх сурвалж онцолжээ.
Анхлаад, Хятад, Австралийн хооронд худалдааны дайн өрнөсөн юм. Энэ нь Австралийн нүүрсийг БНХАУ руу нийлүүлэхэд ихээхэн саад болов. Харин дараа нь Монголоос нүүрс импортлох тал дээр ч хүндрэл гарсныг тоймчид онцолжээ.
"Хятад руу хийх нүүрсний нийлүүлэлттэй холбоотой томоохон дуулиан 2022 оны сүүлээр Монголд дэгдсэн юм. Нүүрсний салбараас олсон олон зуун сая доллар Монголын төсөвт ордоггүй байсан нь ил болов. Энэ бүтэлгүйтлийн улмаас Монгол Улс нүүрсний үнээ ихээхэн нэмж, улмаар энэ улсаас бүтээгдэхүүн авах нь Хятадын хувьд ашиггүй болсон юм. Ингээд энэ нөхцөл байдлаас Орос хожив. Нэгдүгээр сард Орос улс зургаан сая тонн нүүрсийг Хятадын компаниуд руу ачуулснаар БНХАУ-ын томоохон нийлүүлэгч болов. Энэ бол Монголын хувьд муу мэдээ" хэмээн Sohu бичжээ.
Цаашлаад, Оросын өрсөлдөгчид нь БНХАУ-тай хамтын ажиллагаагаа сэргээх гэж оролдож байх үед Орос улс Хятад руу хийх нүүрсний нийлүүлэлтээрээ хэдэн саяыг олж байна хэмээн онцолсон байна.
"Австрали улс Бээжинтэй урьдын харилцаагаа сэргээхийг эрмэлзэж, харин Монгол Улс шинэ гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байна. Энэ явц удаашрах тусам Оросын нийлүүлэгчдэд ашигтай, тэд Хятадын асар том зах зээлийг эзэлнэ" хэмээн Sohu бичжээ.
Энд дуулгахад, өнгөрсөн оны сүүлээс эхлээд БНХАУ Оросоос авах нүүрсний хэмжээгээ эрс нэмсэн талаар Оросын хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв. Тухайлбал, 2023 оны эхний 40 хоногт Хятад улс "Өвөр Байгал-Манжуур" боомтоор дамжуулан Оросоос авах нүүрсний импортоо гурав дахин нэмсэн гэж Харбин дахь ОХУ-ын Ерөнхий консулын газраас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг хоёрдугаар сарын 23-ны өдөр мэдээлсэн юм. Энэ хугацаанд эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлт 214 хувиар өсөж, 438 мянган тонныг давжээ. "Өвөр Байгал-Манжуур" боомт нь Орос-Хятадын хуурай замын хил дээрх томоохон логистикийн төв, тээврийн коридор юм. 2022 онд энэ логистикийн төвөөр дамжин өнгөрсөн ачаа тээвэрлэлт 15 сая тонныг давсан байна.
Г.Бямбасүрэн