Фейсбүүк, Инстаграм олон нийтийн сүлжээ болон Ватсап мессенжерийг эзэмшдэг Meta Platforms корпораци ээлжит цомхотголоо хийхээр болсноо зарлажээ. Сүүлийн хагас жилд Мета корпораци хоёр дахь удаагаа ийнхүү цомхотгол хийх гэж байгаа нь энэ юм.
ВВС агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн оны 11 дүгээр сард 11 мянган ажилтнаа халж байсан Мета корпораци энэ удаад 10 мянган ажилтнаа халахаар зэхэж байгаа аж. Корпорацийн тэргүүн Марк Цукерберг ажилтнууддаа хандсан мэдэгдэлдээ цомхотгол хийнэ гэдгийг дуулгаад энэ шийдвэр нь хүнд хэдий ч "үр бүтээмжийн жил" хэмээн нэрлэсэн компанийн жилийн төлөвлөгөөний нэг хэсэг хэмээн онцолжээ. Улмаар дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн компанийн техникийн хэлтсүүдэд цомхотгол хийх бол тавдугаар сарын сүүлээр бизнес хэлтсүүдийн ажилтнууд цомхотголд орох гэнэ.
Цукербергийн мэдэгдсэнээр, Мета корпорацийн ашиг ихээхэн буурсан 2022 он "сэрэмжлүүлэх түгшүүртэй дохио өгсөн жил" болсон гэнэ. Мета корпораци 2022 оны сүүлийн улиралд орлого нь дөрвөн хувиар унасан ч оны дүнгээр орлого нь 23 тэрбум долларыг давжээ.
Сүүлийн үед технологийн компаниуд ажилтнуудаа халах болсон нь хэмнэлтийн горимд шилжсэнтэй холбоотой аж. Сурталчилгаа өгдөг компаниуд энэ бүтээгдэхүүнд зарцуулах төсвөө танасны улмаас сурталчилгаагаар ашиг олдог олон нийтийн сүлжээнүүд орлого нь буурч, бүсээ чангалахаас аргагүй байдалд орж байгаа гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |