Америкийн кино академийн Оскарын 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын Долби театрт болж өнгөрлөө. Энэ удаагийн ёслолыг "тааварлашгүй", гэнэтийн бэлэг дүүрэн ёслол болно гэж ажиглагчид үзэж байв. Үнэхээр ч тааварлахын аргагүй, ер бусын наадам болж өнгөрлөө.
Сонирхол татам, дуу алдам олон ялагч тодорсны нэг нь Брендан Фрейзер байв. Ердөө л хэдхэн жилийн өмнө түүнийг мартагдсан, карьер нь эргэж сэхэхээргүй болсон гэж ярих нь олонтаа байлаа. Харин тэрбээр 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг эрэгтэй дүр"-ийн Оскарыг гардан авсан юм.
Карьерынх нь хамгийн гол шагнал Бренданд асар өндөр үнэ цэнээр ирсэн юм. Тэрбээр салалтыг даван туулж, депресст орж, ямар ч дүр авч чадалгүй олон жил болсон. Ердөө хэдхэн жилийн өмнө Бренданы карьерыг нэг мөр сүйрсэн гэж үзэж байлаа.
Тэрбээр асар богино хугацаанд Холливудын гол секс бэлгэдлээс депресстэй нүүр тулсан, хэний ч сэтгэл татамгүй махлаг эр болж хувирсан юм. Харин одоо шинэ амьдралаа эхлүүлжээ.
Брендан 2007 онд эхнэр Эфтон Смитээс салж, шүүхийн шийдвэрээр гурван хүүдээ жил бүр 900 мянган долларын тэтгэмж төлөх үүрэг хүлээсэн юм. Эхний жилүүдэд тэрбээр эцгийн үүргээ сайн гүйцэтгэж байв, гэвч тун удалгүй Бренданы мөнгө дуусчээ. Тухайн үед тэрбээр кинонд бараг л тоглож байсангүй. Нэгэн төслийн үеэр зураг авалтын талбай дээр байхдаа нуруу, өвдгөө ноцтой гэмтээж, улмаар урт хугацааны туршид эмчилгээ хийлгүүлжээ. Ингээд хөдөлгөөн багатай амьдралын хэв маягт шилсэний улмаас жин нэмж, найруулагчид ч түүнийг сонирхохоо больсон аж.
Харин Брендантай ажиллахаар зориглосон цорын ганц найруулагч нь Даррен Аронофски байв. Тэрбээр "Халим" киноныхоо 270 кг жинтэй, уран зохиолын багшийн дүрийг Бренданд санал болгожээ. Брендан ч зөвшөөрч, бүх авьяасаа дэлгэн харуулсан юм.
Киноны нээлт 2022 оны намар Венецийн кино наадмын үеэр болсон. Кино дуусмагц үзэгчид босож зогсон, алга ташиж байжээ. Үүний дараа тэрбээр хэд хэдэн нэр хүндтэй шагналд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй юм. Гэхдээ гуравдугаар сарын 13-ны өдөр амьдралдаа анх удаа Оскар гардав.
Мөрөөдөл болсон шагналаа гардан авахдаа нулимсаа барьж дийлэхгүй байсан нь цугласан олны сэтгэлийг хөдөлгөсөн юм. Түүнд Жессика Честейн, Холли Берри нар шагналыг гардуулсан. Брендан шагналаа гардан аваад кино академийн гишүүд болон найруулагчдаа талархлаа илэрхийлж, Аранофскид "уран бүтээлийн аврах цагариг шидэж өгсөнд талархаж байгаагаа" онцолжээ.
Нулимсаа барьж дийлэлгүй ийнхүү талархлаа илэрхийлэхийг харсан танхим дүүрэн үзэгчид ч түүнийг даган нулимс цийлэгнүүлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |