Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал тус улсын Төрийн зөвлөлийн шинэ ерөнхий сайд Ли Цяны санал болгосон засгийн газрын бүрэлдэхүүнийг баталжээ. Гуравдугаар сарын 13-ны даваа гарагт өндөрлөх чуулганаар Хятадын засгийн газарт орсон боловсон хүчний өөрчлөлтийн талаар Синхуа, Ройтерс агентлагуудаас авсан мэдээлэлтэйгээр хүргэж байна.
БНХАУ дөрвөн шинэ дэд сайдтай болов
Өдгөө 60 настай Дин Сюэсян Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч болжээ. Тэрбээр түүнчлэн Хятадын дээд удирдлага болох Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн болж байгаа юм. Ши Жинпиний итгэлт хүн гэгддэг Дин Сюэсян 2006 оноос Шанхай дахь аппаратаын дарга, сүүлийн 10 жилд Бээжин дэх даргаар ажиллаж байжээ.
Төрийн зөвлөлийн дэд сайд Лю Хэгийн оронд 68 настай Хе Лифен томилогдлоо.Тэрбээр Ши Жинпиний эртний холбоотон бөгөөд улсын төлөвлөлтийн томоохон байгууллага болох Хөгжил, шинэчлэлийн үндэсний комиссыг тэргүүлж байв.
Дэд сайдын албан тушаалд очсон гурав дахь хүн нь эдийн засгийн ухааны доктор, 58 настай Жан Гоцин. Тэрбээр батлан хамгаалахын корпорациудад 20 жил ажиллаад, дараа нь улс төрд орж, Чунцин, Тяньжинь хотууп, Ляюонин мужид удирдах албан тушаал хашиж байжээ. Харин дөрөв дэх дэд сайд нь өмнө нь Шэньси мужийн Коммунист намыг тэргүүлж байсан 60 настай Лю Гожун юм.
Эрэмбийн хувьд дэд сайдуудаас доогуур ч сайд нарын танхимд багтах сайд нараас дээгүүрт тооцогдох таван шинэ төрийн зөвлөхтэй болжээ. Үүнд: Хятадын хиймэл дагуулын хөтөлбөр дээр ажиллаж байсан, Оросын экспортлогчоос байлдааны онгоц, зэр зэвсэг худалдан авсны улмаас АНУ-ын хоригт орсон 65 настай Ли Шанфу төрийн зөвлөхийн дээр Батлан хамгаалахын сайдын албан тушаалд очжээ.
Дараагийн хүн нь өдгөө 65 настай Ван Сяохун. Тэрбээр Нийгмийн аюулгүй байдлын сайд буюу цагдаагийн газрын даргаар томилогдлоо. 1990-ээд оны эхээр Ши Жинпинь Фужоу хотод намын дарга байхад тус хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Ван Сяохуныг Ши Жинпиний ойрын холбоотон гэж үздэг. Өөр нэг зөвлөх, Төрийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга болсон 58 настай Ву Жэнлун өмнө нь Жянсу мужийн намын даргаар ажиллаж байв.
Төрийн зөвлөхүүдийн дунд эмэгтэй хүн багтсан нь олон улсын ажиглагчдын анхаарлыг ихээр татлаа. Өдгөө 63 настай Шэнь Ицинь энэ удаагийн томилгоогоор Хятадын хамгийн өндөр албан тушаалтай эмэгтэй болсон юм. Өмнө нь Гуйжоу мужийн намын дарга байсан Шэнь Ицинь Хятадын цорын ганц эмэгтэй зөвлөх болов.
Өөр нэг төрийн зөвлөх нь 57 настай Цинь Ган юм. Тэрбээр мөн Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашна. Өмнө нь АНУ-д Элчин сайд байсан тэрбээр Ши Жинпиньтэй нягт хамтын ажиллагаатай байсан гэгддэг.
"Эерэг дохио"
Гурав дахь удаагаа улирал сонгогдсон Ши Жинпинь холбоотнуудаа засгийн газар дахь гол албан тушаалуудад томилохдоо уламжлалаа зөрчин, 65 настай И Ганыг Хятадын Ардын банкны дарга, 66 настай Лю Кунийг Сангийн сайдын албан тушаалд нь хэвээр үлдээлээ. Энэ хоёр албан тушаалтан хоёулаа тэтгэврийн нас буюу 65 насанд хүрсэн юм. Тэтгэврийн насанд хүрсэн хүмүүсийг албан тушаалаас чөлөөлөөгүй нь тус улсын эдийн засгийн асуудлууд дотоодод нь төдийгүй хилийн чанадад хурцдаж байгаа энэ үед Бээжин залгамж халааг эрхэмлэж байгаагийн илрэл болж байна гэж Ройтерсын шинжээчид онцолжээ.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын чуулганаар гаргасан томоохон өөрчлөлт нь Шанхай дахь Коммунист намын хотын хорооны дарга асан, Ши Жинпиний ойрын хамтран зүтгэгч 63 настай Ли Цяныг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын албан тушаалд томилсон явдал байлаа. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд гэдэг нь тус улсын хувьд хоёр дахь том албан тушаал юм. Ши Жинпинь түүнд цар тахлын хязгаарлалтын улмаас ихээхэн хохирол амссан эдийн засгийг хөл дээр нь босгох үүрэг өгчээ.
"Засгийн газар дахь өндөр албан тушаалын санхүүгийн шинжээчдийг албан тушаалд нь үлдээснээр Хятадын засгийн газар зах зээлд эерэг дохио өгч байна" хэмээн Pinpoint Asset Management компанийн ерөнхий эдийн засагч Жан Живэй үзэж байгаагаа илэрхийлжээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон намын хурлын үеэр Ардын банкны дарга И Ганыг Коммунист намын Төв хорооны бүрэлдэхүүнээс хассан нь түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх байх гэсэн таамаглалыг бий болгож байсан юм. Ардын банкны дарга И Ган, Сангийн сайд Лю Кунь нар албан тушаалаасаа чөлөөлөгдвөл тэдний оронд олон улсын туршлага харьцангуй багатай хүмүүс томилогдоно гэж шинжээчид таамаглаж байв.
"Америкийн хувьд И Ган шиг хүмүүстэй харилцахад илүү амар байна. Түүнийг албан тушаалд хэвээр үлдээсэн нь мөнгөний бодлого, санхүүгийн хамтын ажиллагааны тал дээр БНХАУ АНУ-тай яриа хэлэлцээ хийх хүсэлтэй гэдгийг харуулж байгаа юм" хэмээн Сингапурын Үндэсний их сургуулийн шинжээч Альфред Ву Ройтерс агентлагт ярьсан байна.
Энд дуулгахад, Хятадын парламентын жил бүрийн чуулган гуравдугаар сарын тавны өдөр Бээжин хотноо эхэлсэн, өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-ны даваа гарагт өндөрлөх юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын гишүүд Ши Жинпинийг БНХАУ-ын даргаар дахин томилсон. Ингэснээр Ши Жинпинь гурав дахь удаагаа сонгогдсон бөгөөд дахин таван жил Хятадыг удирдсанаар тус улсын түүхэнд улсыг хамгийн удаан удирдсан хүн болж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |