Цөмийн аюулгүй байдлыг хангахын тулд БНХАУ Украинд 200 мянган евро хандивлана

Сөргөлдөөний нөхцөлд цөмийн аюулгүй байдлыг хангах зорилгоор БНХАУ Украинд 200 мянган евро олгохоор болжээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Украинд хандив өгөх шийдвэр нь Олон улсын цөмийн энергийн агентлагийн хүчин чармайлтыг дэмжих зорилготой аж. Тиймээс энэ агентлагаар дамжуулан цөмийн аюулгүй байдлын техникийн тусламж үзүүлэх хөтөлбөрт 200 мянган еврог шилжүүлэх юм байна. Түүнчлэн Мао Нин Хятад улс энхийн цөмийн объектууд руу зэвсэгт халдлага үйлдэхийг эсэргүүцэж байгааг онцолжээ.
Энд дуулгахад, Хятад улс Орос, Украины сөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөө танилцуулж байсан бөгөөд энэ төлөвлөгөөнд цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдлыг хангах, цөмийн зэвсэг ашиглах аюул заналыг сөрөн зогсох тухай тусгасан байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ