Зеленский: Украин Оросын нутагт барууны зэвсэг ашиглахгүй

Украин улс Барууны орнуудаас алсын тусгалт зэвсэг авбал үүнийгээ Оросын нутагт цохилт өгөх зорилгоор ашиглахгүй гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский CNN агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Түүнчлэн Киев "Оросын нутгийг сонирхоогүй" хэмээн онцлохын зэрэгцээ 1991 оны үеийн хилээр Украины нутаг дэвсгэрийг тооцно хэмээн цохон тэмдэглэсэн байна.
"Днеприйн нөгөө эргээс ирж буй довтолгоонд хариу өгөх зэвсэг бидэнд байхгүй. Тиймээс алсын тусгалт зэвсэг шаардлагатай гэдгийг би онцолж байгаа юм. Бид ийм зэвсгээр оросуудыг аль болох хол ухрааж чадвал тэд дахин бидэнд заналхийлэхгүй" хэмээн Зеленский мэдэгдсэн байна.
Энэ ярилцлагын үеэр сөргөлдөөнийг энхийн замаар шийдэх боломжтой эсэх талаар хөндөгдөхөд гагцхүү Украины нутгийг Оросын цэргүүд орхисон нөхцөлд л дипломат байдлаар сөргөлдөөнийг шийдэх боломжтой гэж Зеленский мэдэгджээ.
"Үүний дараа л бид түншүүдийн хамтаар зохих форматыг олно" хэмээн Зеленский мэдэгдсэн байна. Мөн Путинтэй хэлэлцээ хийхээс татгалзаж байгаагаа дахин илэрхийлээд, үүнийгээ түүнд итгэхгүй байгаатай холбоотой хэмээн тайлбарлажээ.
Энд дуулгахад, 2022 оны зургаадугаар сард л Зеленский мэдэгдэл хийхдээ Украин улс Оросын нутаг руу довтлох төлөвлөгөөгүй хэмээн мэдэгдэж байлаа. Мөн Зеленскийн зөвлөх Михаил Подоляк Америкийн шуурган галын тийрэлтэт системийг Оросын эсрэг ашиглах төлөвлөгөөгүй хэмээн онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ