Болгарын Софи хотын орчимд байх Лесово нисэх буудлын орчимд онгоц сүйрчээ. Энэ онгоц уран нислэгийн үзүүлбэр үзүүлэх үеэрээ сүйрсэн гэж Болгарын прокурорын газраас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Прокурорын газрын мэдээлснээр, нам өндөрт нислэгийн үзүүлбэр гүйцэтгэх үедээ спортын хөнгөн моторт онгоц сүйрч, 31 настай нисгэгч амиа алджээ. Энэ онгоц хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа сүйрсэн бөгөөд нислэгийн жолоодлогын алдаанаас болж онгоц сүйрсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар, нислэгийн уран үзүүлбэр гүйцэтгэх үедээ нисгэгч хүнд байдалд орж, улмаар нам өндөрт нисэж байсан тул газар мөргөн унах ослоос сэргийлэх боломж байгаагүй гэнэ.
Г.Бямбасүрэн