Одоогоос нэг сарын өмнө, хоёрдугаар сарын зургаанд Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болж, байгалийн гамшиг ихээхэн сүйрэл дагуулсан юм. Энэ газар хөдлөлтийг зууны хамгийн том байгалийн сүйрэл хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэрлэж байв.
Хоёрдугаар сарын зургаанд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо лхагва гарагийн байдлаар 46,1 мянгад хүрчээ. Газар хөдлөлтийн уршгаар олон суурин газар бүхэлдээ сүйрч, Антакьяд гэхэд нийт барилга байшингийн тал хувь нь нурсан байна.
Анадолу агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн хор уршигт Туркийн зургаан оршин суугч тутмын нэг буюу 14 сая хүн өртжээ. Улмаар гурван сая хүн дүрвэсэн бол хоёр сая орчим хүн майхан эсвэл чингэлгэн сууцанд амьдарч байгаа аж.
Туркийн эрх баригчдын мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас 200 мянга гаруй барилга байшин сүйрч, эвдэрсэн бөгөөд газар хөдлөлтийн бүсэд майхан, чингэлгэн сууцаар хорооллууд босгож байгаа юм байна.
Үүний зэрэгцээ өнөөг хүртэл энэ бүс нутагт газрын чичирхийлэлт мэдрэгдсээр байгаа юм. Даваа гарагт гэхэд л өмнө газар хөдлөлтийн улмаас ноцтой хохирол амссан Хатай мужид 4,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |