Газрын тос, хийн орлого буурч байгаа нь Оросын эрх баригчид томоохон сонгуулийн өмнө сонгогчдыг худалдан авахаар мөнгө тараадаг аргаа хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болгож байгаа гэнэ. Украин дахь дайны зардал нэмэгдэхгүй ч Оросын газрын тос, хийн салбарын эсрэг тавьсан хориг хэвээр үйлчилсээр байвал 2024 оны сонгуулийн өмнө мөнгө тарааж чадах эсэх нь эргэлзээтэй гэж Германы Deutsche Bank-ны шинжээчдийн гаргасан тайланд өгүүлжээ.
DB-ны шинжээчдийн онцолсноор, чухал сонгуулийн өмнө оросуудад мөнгө тараах нь Оросын хувьд ихээхэн дэлгэрсэн арга гэнэ. 2021 онд гэхэд л Думын сонгуулийн өмнө Засгийн газар тэтгэврийн насныхан, хүчний байгууллагуудын ажилтнууд болон хүүхэдтэй гэр бүлд нэг удаагийн тэтгэмж олгоход 700 тэрбум рубль зарцуулж байжээ. Харин 2020 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулгын өмнө Владимир Путин 3-16 насны хүүхдүүдэд нэг удаагийн тэтгэмж олгохоор болсноо зарлаж байв.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны гуравдугаар сарын 17-ны өдөр болохоор товлогдсон. Эцсийн шийдвэрийг ОХУ-ын Холбооны зөвлөл санал хураалт болохоос 100 өдрийн өмнө гаргах ёстой. 2020 онд өөрчилсөн Үндсэн хуулийн дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сонгуульд орж, 2030 он хүртэл төр барих боломжтой болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |