Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн эхнэр Сара Нетаньяхугийн амьдралын хэв маяг, үнэтэй хувцас өмсөх, дээд зэргийн салонуудад үс гэзгээ засуулдгаас нь болж Тель-Авивт үймээн дэгдсэн талаар The Washington Post сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сарын нэгний өдөр хэсэг иргэд Тель-Авив хотын төвд байх үнэтэй салон руу дайрахаар оролдсон гэнэ. Тухайн үед Израилийн ерөнхий сайдын эхнэр энэ салонаар үйлчлүүлж байжээ. Цугласан олон Сара Нетаньяхуг Израилийн татвар төлөгчдийн мөнгөөр тансагладаг хэмээн буруутгаж "гутамшиг" хэмээн хашгиралдаж байсан аж.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сарын нэгний өдөр Тель-Авив болон бусад хотуудад шүүхийн шинэчлэлийн эсрэг иргэд тэмцэн, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Эсэргүүцлийн үеэр хууль сахиулагчид хүч хэрэглэж, мөргөлдөөн ч гарчээ. Энэ эсэргүүцлийн үеэр иргэд Ерөнхий сайдын эхнэрийг хотын төвийн салонаар үйлчлүүлж байгаа гэдгийг мэдэж, "улс орон нь шатаж байхад үсээ засуулаад сууж байна" гэж буруутган, салон руу дайрсан аж. Хэргийн газар цагдаагийнхан ирсэн бөгөөд Сара Нетаньяху байдал намжтал хэдэн цаг салонд хүлээхээс аргагүй болсон гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |