Херсоныг эзлэн түрэмгийлэх үед хүн тамлах 20 шоронг байгуулсан, үүнийг Оросын төрийн түвшинд санхүүжүүлсэн гэнэ. Ийм мэдэгдлийг Украин дахь цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгаж буй "Mobile Justice team" олон улсын хуульчдын бүлэг хийснийг The Guardian дамжуулжээ.
Энэ шоронд ороод гарсан мянга гаруй оршин суугчаас нотлох баримт цуглуулсан гэж шинжээчид онцолсон байна.
"Оросын төр засгаас санхүүжүүлсэн, хүмүүсийг бөөнөөр нь хорьж тамлах газруудыг зүгээр ч нэг байгуулчихаагүй, харин Украины үндэсний болон соёлын ондоошлыг устгах зорилготой нарийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу байгуулсан" хэмээн бүлгийн ахлагч, Британийн өмгөөлөгч Уэйн Жордаш The Guardian сонины сэтгүүлчид өгүүлжээ.
Эдгээр шоронгийн заримыг Оросын цэргийн алба хаагчид эсвэл Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд удирдаж байсан бол нөгөө хэсгийг нь Херсон муж, Донецк, Луганскийн мужуудад амьдардаг, Оросын талд нэгдсэн украинчууд удирдаж байсан аж.
Хүн тамлах зориулалттай эдгээр шоронд идэвхтэн, сэтгүүлч, төрийн алба хаагч, багш нар гээд Украины төрийн байгууллагад ажилладаг хүмүүс эсвэл иргэний нийгмийн төлөөллийг хорьдог байсан гэнэ. Тэдний заримыг гудамжинд явж байхад нь шалгаж, утсанд нь "Украины талыг баримтласан мэдээлэл байсан" гэх шалтгаанаар барьж хорьдог байжээ. Ингээд шоронд оруулсны дараа хүмүүсийг зодож, цахилгаан гүйдлээр цохиулж, толгойг нь усанд дүрэх зэргээр тамладаг байсан гэнэ. Түүнчлэн баривчлагдсан хүмүүсийг Оросын талыг баримтлах уриа лоозон, шүлэг, дуу цээжлэхийг албаддаг байсан талаар гэрчүүд өгүүлжээ.
Энд дуулгахад, Украины Херсон хот 2022 оны гуравдугаар сарын хоёрноос 11 дүгээр сарын 11-ний хооронд найман сарын хугацаанд Оросын эзлэн түрэмгийлэлд байсны эцэст чөлөөлөгдсөн юм. Энэ хугацаанд Херсон хотын 400 орчим оршин суугч ор сураггүй болжээ.
Г.Бямбасүрэн