Финланд улс Оростой залгаа хил дээрээ 200 км үргэлжлэх хашаа барих ажлаа эхлүүлсэн талаар Yle мэдээлжээ. Хил зааглах хашааг Өмнөд Карели муж дахь Иматра хилийн шалган нэвтрүүлэхийн бүсэд эхлүүлсэн байна.
Эхний ээлжинд гурван километр урттай хашааг зургадугаар сар гэхэд барьж дуусгах аж. Энэ хэсгийг барих өртөг зургаан сая евро болж байгаа талаар эх сурвалж онцолжээ.
Орост хэсэгчилсэн дайчилгаа зарлагдсаны дараа Оросын талаас зорчигчдын урсгал эрс нэмэгдсэний улмаас Финландын хилийн алба хил эдэр хааша барих санаачилга гаргасан юм. Ингэснээр Финланд, Оросыг заагласан хилийн 10-20 хувь буюу 130-260 км зайд хашаа босгохоор төлөвлөсөн байна. Хилийг зааглах хашаа гурван метр өндөртэй, дээгүүрээ өргөст тор татсан байх гэнэ. Мөн хашааг шөнийн цагаар ч ажилладаг ажиглалтын камер, гэрэлтүүлэг, чанга яригчаар тоноглох юм байна. Хашааг босгоход 139 сая евро зарцуулахаар төлөвлөжээ.
Өмнө нь Финландын хил модон хашаатай байсан юм. Энэ нь мал сүрэг орохоос сэргийлсэн хашлага зориулалтаар ашиглагдаж байлаа. Харин есдүгээр сард оросуудын урсгал эрс нэмэгдсэн, мөн Финланд НАТО-д элсэх хүсэлтэй байгаатай холбоотойгоор хилийн хамгаалалтыг нэмэгдүүлэхээр шийдсэн аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |