Хятадын ачааны хөлөг онгоц Оросын хамгийн том арал болох Сахалины эрэг орчимд живжээ. Энэ талаар Оросын Тэнгис, голын тээврийн холбооны агентлаг мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын Yong Xing 56 хөлөг онгоц Ванино боомтоос 70 км зайд живжээ. Хөлөг онгоц 29 мянган тонн хөнгөн цагааны исэл тээвэрлэж явсан аж. Энэ онгоц хоёрдугаар сарын гуравны өдөр мөс рүү орж, улмаар хөлөг рүү ус орж эхэлсний дараа гамшгийн дохио өгсөн байна.
Дараа өдөр нь онгоцон дээр ажилалсан мэргэжилтнүүд 1,5-2 диаметртэй нүх гарсныг илрүүлжээ. Улмаар аврагчид цоорхойг бөглөж, ус шавхаж эхэлжээ. Ачааны хөлөг онгоцыг аврахаар аврах хоёр хөлөг онгоц ирж ажилласан ч гуравдугаар сарын нэгний өдөр Хятадын хөлөг онгоц 253 метрийн гүнд живсэн аж. Хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд гэмтэж бэртээгүй гэж ТАСС мэдээлжээ.
Г.Бямбасүрэн