Хоёрдугаар сарын зургааны өдөр Турк, Сирид хүчтэй газар хөдөлсний дараа дэлхийн бүхий л орон Туркэд гар сунган тусалж байсан. Бизнес эрхлэгчид, энгийн иргэд ч энэ хандивын аянд нэгдэн, туркчүүдэд тусламж хүргүүлж байлаа.
Хүнд үед туркчүүдэд тусламж үзүүлж байгаа хүмүүсийн дундаас хуучин машиндаа Туркийн далбаа хатгаж, машиныхаа тээш хийх хэсэг, тэр бүү хэл дээд талд нь ч дүүрэн тусламжийн бараа ачиж яваа эрийн зураг олон нийтийн сүлжээгээр ихээхэн тархаж байв. Энэ зураг дээрх эр нь Азербайжаны 33 настай иргэн бөгөөд "ах дүү орныхоо хүмүүст туслах нь миний үүрэг" хэмээн Андолу агентлагт ярьж байсан юм. Өөрөө амьдралын боломж тааруу ч бусдад туслахаар яарсан түүний зураг дэлхий даяар тархаж, улмаар энэ сайхан сэтгэлийн хариу нь иржээ.
"Баку ньюс" агентлагийн мэдээлснээр, Сарвар Баширли гудас, хөнжил гээд хэрэгцээтэй гэж бодсон бүхнээ ачин хуучин машинаараа явж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр тархсны дараа Туркийн бизнесмен эр түүнд хариу бэлэг барьсан гэнэ.
Тодруулбал, Сарвар Баширли өөрөө ядуу ч бусдад туслаж байгааг харсан олны сэтгэл хөдөлж, улмаар Азербайжаны телевизийн нэвтрүүлгээр Баширлид шинэ машин авахад нь туслах зорилгоор хандивын аян өрнүүлжээ. Энэ аяны талаар мэдсэн, ОХУ-д амьдардаг Азербайжаны бизнесмен эр Баширлид шинэ машин өгнө хэмээн амласан байна. Харин Баширлигийн аав ээж нь машин хэрэггүй, харин хүү нь гэр оронгүй тул машинд шаардагдах мөнгийг өгвөл байшинтай болох боломжтой гэж хүсчээ. Ингээд Баширлиг байшин барихад нь зориулж 10 мянган манат буюу монгол мөнгөөр 15,1 сая төгрөг өгсөн байна.
Баширлигийн сайхан сэтгэлд хариу барьсан тохиолдол үүгээр дууссангүй.
Хүнд хэцүү цагт нутаг нэгтнүүдэд нь тусласан Баширлид Туркийн бизнесмен эр шинэ машин бэлэглэжээ. "Тэнгри ньюс"-ийн мэдээлснээр, тухайн үед Баширли эзгүй байсан тул бизнесмен эр Баширлигийн аавд энэ машиныг хүлээлгэн өгсөн гэнэ.
Баширлигийн аав мөн л энэ машиныг авахаас татгалзаж, ихээхэн ятгаж байж машиныг өгсөн гэж эх сурважл мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |