Алан хядагчдад цаазын ял оноодог болох тухай хуулийн төслийг Израилийн парламент анхны хэлэлцүүлгээр дэмжжээ. Хуулийн төслийг 55 гишүүн дэмжиж, ес нь эсэргүүцсэн талаар Иерусалим Пост сонин мэдээлсэн байна.
Хуулийн төсөлд тусгаснаар, алан хядах ажиллагаа болон "Израильд хор хөнөөл учруулах, еврей ард түмнийг улс орноос нь хөөх зорилгоор төрийн эсрэг дайсагнасан эсвэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан"-ы улмаас Израилийн иргэдийг хөнөөсөн хэрэгт цаазын ял оноохоор тусгажээ. Хуулийн төслийн тайлбар хэсэгт "алан хядах ажиллагааг үндсээр нь таслан зогсоох" нь хуулийн зорилго хэмээн онцолсон байна.
Энэ хууль эцэслэн батлагдвал Израильд алан хядах ажиллагаанд буруутгагдсан хүмүүсийг цаазаар авдаг болно. Одоо төрөөс урвасан, дайны үеэр үй олноор хөнөөсөн, хүн төрөлхтний эсрэг болон еврей ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд цаазын ял оноох хууль үйлчилдэг юм.
Алан хядагчдыг цаазаар авдаг хууль хэлэлцэхээр болсон нь нэгдүгээр сарын үйл явдалтай холбоотой. Тодруулбал, нэгдүгээр сарын 27-ны өдөр Иерусалимд алан хядах ажиллагааны улмаас долоон хүн амиа алдсан юм. Тухайн үед гэмт этгээд сүмээс гарч явсан хүмүүс рүү буудаж, улмаар зугтахыг завдахад цагдаагийнхан гал нээж, хэрэг үйлдсэн этгээдийг хөнөөсөн. Улмаар алан хядагчийн төрөл төрөгсөд болон танилуудаас бүрдсэн нийт 42 хүнийг саатуулж байв. Энэ хэрэг болсны маргааш өдөр нь дахин галт зэвсэг ашигласан хэрэг гарч, хоёр хүн гэмтсэн бөгөөд хэрэг үйлдсэн этгээд нь 13 настай өсвөр насны хүү байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |