ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олимпын аварга Алина Кабаевад Оросын хамгийн том байрыг худалдан авч өгсөн талаар "Проект медиа" эрэн сурвалжлах нийилэлдээ мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Путин өөрийнх нь нууц амраг гэгддэг Кабаевад Сочи хотын "Хатан хааны цэцэрлэг" орон сууцны хороолол дахь хоёр давхар пентхаус авч өгсөн байна. Энэ байр 2,6 мянган кв.м талбайтай, усан сан, кинотеатр, задгай талбай болон нисдэг тэрэг буух талбайтай аж. Энэ пентхаусын загварыг Оросын. нэр загвар зохион бүтээгч Валентин Юдашкин гаргажээ. 2021 онд энэ байрыг "Оросын хамгийн том байр" гэж үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний томоохон компани хүлээн зөвшөөрч байв.
Түүнчлэн энэ нийтлэлд өгүүлснээр, 15 жилийн туршид Путиний хүрээллийн хүмүүс Кабаевад туслаж, Кабаева тэднээс үл хөдлөх хөрөнгө болон 12,3 тэрбум рублийн зээл авсан байна. Одоогийн байдлаар Кабаева, түүний ээж, дүү, эмээгийнх нь нэр дээр Москва, Петербург хотод нийт 10 байр байдаг аж.
Алина Кабаева бол Оросын "Үндэсний медиагрупп"-ийн захирлуудын зөвлөлийн тэргүүн. Түүнийг Оросын Ерөнхийлөгчтэй амрагийн холбоотой гэж хэвлэлээр бичдэг. The Wall Street Journal сонин Кабаеваг Путиний гурван хүүхдийг төрүүлсэн байж магадгүй гэж бичиж байв. Энэ сонинд мэдээлж байснаар, 2015 онд Кабаева Путиний хүүхдийг Швейцарт төрүүлсэн бол 2019 онд хоёр ихэр хүүхдийг Москвад төрүүлсэн гэнэ.
Оросын эрх баригчдын зүгээс Путиний хүүхдүүдтэй холбоотой ямар ч мэдээлэл өгдөггүй, энэ нь олон нийтэд хамааралгүй хувь хүний мэдээлэл хэмээн үздэг. Орос Улс Украин руу түрэмгийлсний дараа Кабаеваг АНУ, ЕХ, Их Британи, Канад, Австрали, Япон гэсэн улс орнууд хориг арга хэмжээний жагсаалтад багтаасан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |