Монголын улсын иргэн хоёр эмэгтэй Пулково нисэх буудал дээр саатуулагджээ. Тэднийг үнэт эдлэл хууль бусаар нэвтрүүлсэн хэргээр саатуулсан гэж Байкал инфо мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мээдэлснээр, Монголын иргэн хоёр эмэгтэй Санкт-Петербург хот руу хууль бусаар үнэт эдлэл нэвтрүүлэхийг завджээ. Тэдний тээшнээс хагас килограмм орчим үнэт эдлэл олдсон, зорчигчид үүнийгээ гаалийн мэдүүлэгт бичээгүй байсан гэнэ.
Монгол эмэгтэйчүүд Стамбулаас Санкт-Петербург хотод ирсэн бөгөөд гаалийн хяналтаар гарахдаа "ногоон хонгил" буюу гаалийн мэдүүлэгт зайлшгүй тусгах ёстой бараа бүтээгдэхүүн авч яваагүй хүмүүс зорчдог хонгилоор орсон байна. Харин рентгенээр шалгахад тээшнээс нь бөгж, бугуйвч, ээмэг, гинж зэрэг нийт 650 грамм жинтэй, 102 ширхэг үнэт эдлэл илэрчээ. Зорчигчид энэ үнэт эдлэлээ 200 мянга орчим ам.доллараар үнэлсэн байна.
Барааны өртгийг батлах баримт бичиг эмэгтэйчүүдэд байгаагүй тул энэ бүх үнэт эдлэлийг монгол эмэгтэйчүүд өөрсдөдөө хэрэглэхээр авч явсан гэх үндэслэл байхгүй гэж гаалийн ажилтнууд үзжээ. Улмаар гаалийн шинжилгээ хийх баг томилогдсон байна. Шинжилгээгээр эдгээр үнэт эдлэл нь сая рублиэс дээш үнэтэй гээдгр нь тогтоогдвол тэднийг стратегийн чухал бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар наймаалсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэх аж.
Г.Бямбасүрэн