2019 оны сүүлээр Хятадад анх үл мэдэгдэх вирус дэгдэж, энэ нь коронавирус болохыг тогтоон, дэлхий даяар тархсны дараагаас л энэ вирусийн үүслийн талаарх маргаан дэгдсээр ирсэн. АНУ тэргүүтэй олон орон Хятадын лабораториас гаралтай хэмээн таамаглал дэвшүүлж, зарим орон Хятадыг вирусийн дэгдэлтэд шууд буруутгаснаар маргаан хурцдаж, худалдааны хориг тавих дээрээ ч тулж байв. Вирус лабораториас гаралтай гэдгийг Хятадын тал байнга үгүйсгэж, няцаасаар ирсэн ч ийм магадлалтай гэсэн дүгнэлтийг АНУ дахин гаргажээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Америкийн тэргүүлэгч 17 биолабораторийг хянадаг АНУ-ын Эрчим хүчний яам нарийвчилсан судалгаа хийсний дүнд коронавирус лабораториас гаралтай байх магадлалтай, өөрөөр хэлбэл Ухань хотын нэгэн лабораториас санамсаргүй алдагдсан байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ ийм магадлал тун бага хувьтай хэмээн үзсэн гэнэ.
Харин холбооны мөрдөх товчоо 2021 онд дүгнэлт гаргахдаа Хятадын лабораториас вирус алдагдсан байх магадлал дунд зэрэг хэмээн мэдэгдэж байв. Энэ асуудлыг судлаж байсан Америкийн дөрвөн агентлаг вирусийг байгалийн гаралтай, амьтнаас хүнд дамжсан гэж үздэг бол Тагнуулын төв газар энэ маргаанд ямар байр суурьтай байх нь өнөө хэр тодорхойгүй байгаа юм.
Коронавирус эрчимтэй тархаж, 2020 оны эхээр шинэ штаммууд гарсан нь дэлхий даяарх эрүүл мэндийн системийг цочроож, цар тахал болон өргөжиж, худалдааны харилцааг таслан, улс төрийн ширүүн маргааныг үүсгэж, хамгийн харамсалтай нь долоон сая хүний аминд хүрсэн. Коронавирусийн үүслийн тухай асуудал анхнаасаа л улс төржиж байлаа.
Тухайн үед Америкийн Ерөнхийлөгч байсан Дональд Трамп коронавирусийг "Хятад вирус" хэмээн нэрлэж, Байдены засгийн газар энэ хурцадмал байдлыг бага зэрэг намжаасан ч вирусийн үүслийг тогтоох гэсэн оролдлогууд улс төрийн маргааныг дэгдээсээр байна. Тиймдээ ч АНУ-ын Эрчим хүчний яамнаас гаргасан дүгнэлт Хятадын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарчээ.
Тодруулбал, Эрчим хүчний яамны дүгнэлтийн талаарх мэдээлэл хэвлэлүүдээр нийтлэгдсэний дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин вирусийн эх үүсвэрийг эрэн хайх нь шинжлэх ухааны асуудал, үүнийг улс төржүүлж болохгүй хэмээн мэдэгдсэн байна. 2021 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны баг Хятадын эрдэмтэдтэй хамтран Ухань хотод судалгаа хийгээд, лабораториас вирус алдагдах магадлал "нэн бага" гэсэн дүгнэлтэд хүрснийг Мао Нин онцлоод, лабораториас гаралтай гэсэн онол цаашид дэвшүүлэхгүй байх, Хятадыг гүтгэхгүй байх ёстой хэмээн цохон тэмдэглэжээ.
Эргэн сануулахад, коронавирусийн халдварын анхны тохиолдлууд Хятадын Ухань хотод бүртгэгдэх үеэс л Уханийн вирус судлалын хүрээлэнг халдвар тархалтын төв байж болзошгүй гэж олон хүн үзэж байлаа. Учир нь чухамхүү энэ лабораторид сарьсан багваахайнууд дээр коронавирусийг судлаж байсан аж.
Олон таамаглалыг дэвшүүлж байсны дотор, коронавирус байгальд үүссэн, дараа нь түүнийг лабораторид нарийвчлан судалсан, эсвэл хятад эрдэмтэд өөрсдөө энэ вирусийг гарган авч, харин дараа нь вирус алдагдсан гэх таамаглал ихээхэн газар авсан юм. Үгсэн хуйвалдааны онолд итгэгчид, вирусийг бактериологийн зэвсгийн туршилтын хүрээнд зориуд тараасан гэдэгт итгэж байсан ч үүнийг нотлох баттай баримт одоо хүртэл гараагүй байна.
АНУ-ын Эрчим хүчний яамнаас гаргасан шинэ дүгнэлт Америкийн зарим агентлагуудын дүгнэлттэй зөрчилдөж байгаагийн дээр энэ яамны ажилтнууд вирус лабораториас гаралтай гэсэн дүгнэлт гаргахад нөлөөлсөн шинэ тагнуулын мэдээ эсвэл судалгааны дүнг танилцуулахаас татгалзжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |