ОХУ Украин руу өргөн цар хүрээтэйгээр довтолсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ үйл явдалтай холбоотойгоор Украин улс алдарт граффити зураач Бэнксигийн бүтээлийг дүрсэлсэн шуудангийн марк худалдаанд гаргажээ.
Украины шуудан гаргасан маркан дээр өрсөлдөгч болох бяцхан хүүд шидүүлж унаж байгаа, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй төстэй хүнийг дүрсэлсэн байна. Энэ бүтээлийн эх хувь нь Киев хотоос холгүйхэн орших Бородянка сууринд Оросын арми цохилт өгсний улмаас сүйрсэн байшингийн ханан дээр байдаг аж. Маркийн зүүн доод хэсэгт "ПТН ПНХ!" гэсэн товчилсон үг байх бөгөөд энэ нь "Путин, пошёл на ****" буюу "Путин, чөтгөррүүгээ тонил" гэсэн утгатай хараалын үгс юм.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин жүдогийн хар бүстэй, энэ спортын шүтэн бишрэгч юм. Тиймдээ ч Бэнкси Путинийг энэ спортоор нь, ялагдаж байгаагаар дүрсэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт энэ марк худалдаанд гарсан бөгөөд маркийг авах гэсэн хүмүүс Киев хотын Төв шуудангийн гадаа дугаарлан зогссон гэнэ.
"Энэ бол дэлхий дахин Украиныг ойлгоход, бид анхаарлын төвд үлдэхэд тун чухал дохио" хэмээн худалдан авагчдын нэг APF агентлагийн сэтгүүлчид ярьжээ.
Британийн алдарт зураач Бэнкси Украинд дайн эхэлснээс хойш Украины хэд хэдэн хотод сүйрсэн барилга дээр бүтээлээ үлдээсэн юм. Путин бяцхан хүүд жүдогоор ялагдаж байгааг дүрсэлсэн бүтээл ханан дээр нь дүрслэгдсэн байшин байх Бородянка суурин түрэмгийллийн эхний өдрүүдэд Оросын цэргүүдэд эзлэгдсэн юм. Улмаар 2022 оны хавар Украины Зэвсэгт хүчин хотыг эргүүлэн чөлөөлөх үедээ хотын ойр орчмоос иргэдийг бөөнөөр нь оршуулсан хэд хэдэн газар олсон байна. Энгийн иргэдийн цогцосыг олоход тэдний гарыг хүлсэн, ойр зайнаас буудсан сумны шархтай байсан гэнэ.
Бэнкси Украинд хэрхэн туслаж байгаа вэ?
Британийн алдарт зураач Бэнкси Украинд туслахаар 50 бүтээлийнхээ хэсгийг салгаж авсан талаараа сайт дээрээ мэдээлж байв. Тэрбээр бүтээл тус бүрээ дугаарлан, жаазалж, пиццаны хутгаар гарын үсгээ сийлсэн нь ихээхэн үнэ цэнтэй бүтээл болгосон байна. Нэг бүрийг нь 5000 фунт стерлингээр худалдсан бөгөөд бүхий л мөнгийг Украинд түргэн тусламжийн шинэ машин, туслах тээврийн хэрэгсэл авахад зориулжээ.
Бэнкси Украинд сүйрсэн барилгуудыг 11 дүгээр сарын эхээр өөрийн нүдээр харсан аж. Тухайн үед тэрбээр Украин болон ойр орчимд нь шинэ бүтээлээ туурвин үлдээжээ.
Ихэвчлэн барилгын ханан дээр бүтээлээ туурвидаг Бэнксигийн царайг хэн ч хараагүй, харин түүний нэр хүнд өдрөөс өдөрт өссөөр байгаа юм. 2018 онд түүний "Бөмбөлөгтэй охин" бүтээлийг Европын нэгэн цуглуулагч эмэгтэй нэг сая фунт стерлингээр худалдан авч байлаа. Гэвч дуудлага худалдааны үеэр жаазтай, хананд өлгөөтэй байсан зураг жаазанд нуусан механизм ажилласнаар хэдэн хэсэг болж хайчлагдсан юм. Устгагдсан гэж хэлж болохоор энэ бүтээл үнэ цэнээ алдаагүйгээр үл барам гурван жилийн дараа 21,8 сая евро хүрч байв.
Нийгмийн эмзэг асуудлуудыг хөнддөг, дэлхий даяар алдаршсан зураач чухам хэн болох нь оньсого хэвээр. Тэрбээр Бристолоос гаралтай гэх мэдээлэл бий, харин сайт дээр нь Бэнксигийн амьдралын уриаг "сайн үйл бүтээх" хэмээн бичжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |