ЗӨВЛӨГӨӨ 1. САРААР БИШ ДОЛОО ХОНОГООР ТӨСВӨӨ ГАРГА
2017 онд эдийн засагчид хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зориулсан тэтгэмж авдаг хүмүүсийн дунд судалгаа хийжээ.
Судалгаанд оролцогчдыг хоёр бүлэгт хуваасан байна. Нэг бүлэгт сарын тэтгэмжийг, харин нөгөө бүлгийнхэнд долоо хоногийн тэтгэмжийг өгч байж. Энэ судалгаанаас харахад долоо хоногоор тэтгэмжээ авсан хүмүүс зардлаа сайтар төлөвлөж байсан гэнэ. Хэдийгээр нийт тэтгэмжийн мөнгө өөрчлөгдөхгүй ч долоо хоногоор зардлаа төлөвлөсөн хүмүүсийн мөнгө илүү бага үрэгдэж байсан аж.
Эдийн засагчдын өгүүлснээр, "даалгавар"-ын байрыг солиход л ийм үр дүн гарч байсан аж. Учир нь хүнсний тэтгэмжийг сард нэг удаа өгдөг. Хүмүүс энэ мөнгийг авахаараа хангалттай их мөнгө байгаа мэт төөрөгдөлд ордог аж. Тиймээс их мөнгө авсан хүмүүс бодлогогүйгээр үрж, улмаар сарын сүүлээр хэмнэхээс аргагүй болдог аж.
Бид бүгд л цалин буухаар ийм сэтгэлгээний алдаа гаргадаг. Үүнээс зайлсхийхийн тулд сарын орлогоо долоо хоногуудад хуваагаад үз. Ингэснээр зардлаа төлөвлөхөд амар болно.
ЗӨВЛӨГӨӨ 2. БАГА БОЛОВЧ ТОГТМОЛ ЗАРДЛУУДАА ТАНА
Хүмүүс ямар зардал гаргасандаа илүүтэй харамсдаг болохыг олж тогтоохын тулд Common Cents Labs-ын судлаачид хэд хэдэн санал асуулга явуулжээ.
Судалгаагаар, хүмүүсийн хамгийн их харамсдаг зардлуудын нэгдүгээрт "гадуур хооллох" орсон байна. Кофе болон явуут зуураа хөнгөн зууш, түргэн хоол авч идэхэд зарцуулах мөнгө нь хуримтлагдсаар нэг сард ихээхэн мөнгө болдог бөгөөд ийм мөнгийг өөр ашигтай зүйлд зарцуулчхаж ч болох л байсан.
Та кофе уудаггүй ч их биш ч мөнгө тогтмол зарцуулчхаад байдаг зүйл танд байж мэдэх юм. Түүнийгээ ол. Жишээ нь та гэртээ, ажил дээрээ ус цэвэршүүлэгчтэй ч савласан ус дэлгүүрээс тогтмол авдаг байвал энэ нь хуримтлагдсаар бас л багагүй мөнгө болно.
Түүнчлэн өөртөө лимит тогтоож болно. Жишээлэхэд, сард таван удаа л таксигаар явна, гурваас дээш удаа кино театр орохгүй гэх мэт.
ЗӨВЛӨГӨӨ 3. ИРЭЭДҮЙН "БИ"-ЭЭ ХЭМНЭЛТЭД ДАСГА
Бид ихэвчлэн өнөөдрийн болоод ирээдүйн өөрийгөө хоёр өөр хүн байх мэтээр хүлээж авдаг. Ихэвчлэн бид өөрийнхөө ирээдүйн хувилбарын тал дээр ихээхэн өөдрөг төсөөлөлтэй байдаг.
Чухамхүү ирээдүйн "би" л спортоор хичээллэж, тэтгэвэрт гарахаар хэрэглэхийн тулд мөнгө хуримтлуулна, харин одоо би түр тайван амгалан байж болно гэж боддог. Гэвч ирээдүйд төгс хүн гарахгүй та л байх учраас одооноос л хадгалж, хуримтлуулж сурах хэрэгтэй.
Судлаачдын үзэж байгаагаар эрт шийдвэр гаргавал илүү амар байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл цалингаа авсны дараа биш харин цалингаа авахаасаа ч өмнө хэдийг нь хуримтлалд шилжүүлэхээ шийд.
Жишээ нь автомат хуримтлалын хадгаламжийг сонгож болно. Өнөөдөр Монголд хэд хэдэн банк ийм үйлчилгээ санал болгодог. Та банкныхаа дансыг автомат хуримтлал үйлчилгээнд бүртгүүлж, хичнээн хэмжээний төгрөг өдөр, долоо хоног, сард татуулахаа тохируулснаар та мартсан ч данснаас тань шууд татагдсанаар хуримтлал үүсэх боломжтой.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |