Хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө болсон хүчтэй хоёр газар хөдлөлтийн улмаас Турк, Сирид нийтдээ 42 мянга гаруй хүн амиа алдаж, олон мянган барилга байшин сүйдсэн юм.
Туркийн Кахраманмараш болон Хатай мужид хоёронтаа болсон газар хөдлөлт аймшигт сүйрлийг дагуулсан бөгөөд Хатай мужид энэ байгалийн гамшигт тэсэж үлдсэн цорын ганц хот нь Эрзин байв. Энэ хот бараг л хохирол амсаагүй нь хотын дарга Оккеш Эльмасоглугийн гавьяа гэж Туркийн хэвлэлүүд бичсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Эрзин хот газар хөдлөлтөөр бүрэн бүтэн үлдсэн нь сүүлийн жилүүдэд хотын даргын баримталсан бодлоготой холбоотой гэнэ. Оккеш Эльмасоглу барилга барих зөвшөөрөл олгох тал дээр хатуу байр суурь баримталдаг бөгөөд чанаргүй барилга барьдаг компаниудыг зах зээл дээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй аж.
Хатай мужид нуралгүй үлдсэн цор ганц хот болох Эрзин хотын дарга Оккеш Эльмасоглу
Эрзин хот Туркэд газар хөдлөлтийн үеэр хохиролгүй үлдсэн анхны хот биш. Өмнө нь, 1999 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр олон мянган барилга байшин нурж, асар их хүн амиа алдсан үед мөн л авлигыг тэвчдэггүй, зарчимч даргатай Тавшанжил хот байгалийн гамшгийг тэсэж үлдэж чаджээ.
Одоогоос 24 жилийн тэртээ 1999 оны наймдугаар сарын 17-нд Туркэд 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Стамбулаас 100 км зайд болсон энэ газар хөдлөлтийн улмаас тухайн үед 20 мянга гаруй хүн амиа алдсан байна.
Тухайн үед газар хөдлөлтийн улмаас нэг ч байшин нь нураагүй, нэг ч хүн хохироогүй ганцхан хот байсан нь Тавшанжил хот аж. Измитийн эрэг дээр байх 4,5 мянган хүн амтай энэ хотын дарга Салих Гюн хууль бусаар орон сууц болон бусад барилга барихыг таслан зогсоосон тул ийнхүү байгалийн гамшгийг давж чадсан гэж тухайн үеийн хэвлэлүүд мэдээлж байжээ.
"Манай бүс нутаг газар хөдлөлтийн аюултай бүсэд оршдог тул бид эрдэмтэдтэй зөвлөлдөн санал авсан юм. Эрдэмтдийн зөвлөснөөр энэ бүс нутагт гурван давхраас дээш барилга барих ёсгүй. Ингээд бид эрдэмтдийн зөвлөгөөг ягштал дагасан" хэмээн 1999 оны газар хөдлөлтийн дараа Турк даяар алдаршсан хотын дарга Салих Гюн ярьж байжээ.
Гюний өгүүлснээр, түүнийг хотын даргын албан тушаалыг хашиж байхад нөлөө бүхий хүмүүс өндөр барилга барих зөвшөөрөл олговол шан харамж хайрлахгүй хэмээн амладаг байсан гэнэ.
"Тэгэхэд би зөвшөөрсөн бол тансаг харшид амьдарч, нэгээр тогтохгүй дарвуулт завьтай байх байсан биз. Гэвч ингэсэн бол манай хотод олон зуун хүн амиа алдах байсан" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байжээ.
Түүнчлэн тэрбээр баримталдаг бодлогынх нь үндэс нь "хүн бусдаас чухал" гэсэн томъёолол хэмээн ярьж байсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |