Словакийн Үндэсний зөвлөл Оросын дэглэмийг алан хядагч, харин Орос улсыги алан терроризмыг дэмжигч орон хэмээн хүлээн зөвшөөрсөн тогтоолыг баталжээ. Энэ талаар Коммерсант сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украин дахь Оросын түрэмгийллийг Словакийн Парламент буруутгаж, "энгийн ард иргэд, иргэний объектууд болон эрчим хүчний гол дэд бүтцүүд рүү довтолж байгаа нь байж болшгүй хэрэг" хэмээн үзсэн байна. Түүнчлэн Оросын зүгээс цөмийн зэвсэг ашиглах талаар шууд болон дам байдлаар сүрдүүлж байгааг буруутгажээ.
Мөн парламентын гишүүд Украины тусгаар тогтнол, хараат бус байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжихээ илэрхийлсэн байна. Тиймдээ ч Орос эзлэн түрэмгийлсэн Донецк, Херсон, Луганск, Запорож мужуудын нутаг дээр явуулсан хуурамч санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж баримт бичигт онцлоод "эдгээр нутаг нь Украиных хэвээр" хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Словак ийнхүү Оросыг алан хядагч орон хэмээн хүлээн зөвшөөрснөөр ийм шийдвэр гаргасан Европын холбооны долоо дахь орон болж байгаа юм. Өмнө нь Балтийн орнууд, Польш, Чехи, Нидерланд улс ийм тогтоол гаргаж байлаа. Харин Оросын эрх баригчдыг "алан хядагч дэглэм" гэж хүлээн зөвшөөрсөн анхны олон улсын байгууллага нь Европын Зөвлөлийн Парламентын чуулган болж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |