Туркэд газар хөдлөлтийн улмаас хохирсон хүмүүст хүмүүлэгийн тусламж үзүүлэхийн тулд нэг тэрбум ам.доллар цуглуулах уриалгыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш гаргажээ. Түүний өгүүлснээр, энэ хэмжээний мөнгө 5,2 сая хүнд гурван сарын хугацаанд тусламж үзүүлэх, Турк дэх хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хүрэлцэх гэнэ.
"Хэрэгцээ асар их байгаа, хүмүүс зовж байна, ийм үед хугацаа алдаж болохгүй. Манай цаг үеийн хамгийн том байгалийн гамшгуудын нэг тохиосон энэ хүндхэн нөхцөлд олон улс нэгдэж, санхүүжилт босгохыг уриалж байна" хэмээн Гутерриш мэдэгдсэнийг НҮБ-ын цахим хуудсанд нийтэлжээ.
Түүний уриалгыг НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын дарга Мартин Гриффитс ч дэмжиж, Туркэд нэн даруй шаардлагатай тусламж үзүүлэхийг уриалсан байна.
Тус газрын мэдээллээр, Туркэд газар хөдлөлтийн улмаас ойролцоогоор 47 мянган барилга, тэр дундаа сургууль, эмнэлэгийн барилгууд бүрэн нурсан, зарим нь эвдэрч гэмтжээ. Мөн байгалийн гамшгийн улмаас олон мянган хүн орон гэргүй, хоол хүнс, цэвэр усгүй нөхцөлд амьдарч байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |