Турк, Сирид газар хөдлөлт болсноос 10 өдөр хэдийнэ өнгөрөөд байна. Сирид эрэн хайх аврах ажиллагааг мягмар гарагт дуусгасан бол газар хөдлөлтөөр илүүтэй хохирсон Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган "сүүлчийн амьд хүнийг олох хүртэл эрэн хайх ажиллагааг зогсоохгүй" гэж мэдэгдсэний дагуу эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Аврагчид хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж байгаагийн ачаар газар хөдөлснөөс хойш 10 хоног өнгөрсөн ч амьд мэнд үлдэж чадсан хүмүүсийг олсоор байгаа талаар Анадолу агентлаг мэдээлжээ. Хамгийн сүүлд гэхэд л, хоёрдугаар сарын 17-нд Антакья хотоос хоёр эрийг аварсан байна.
Тодруулбал, газар хөдөлснөөс хойш 261 цагийн дараа Антакья хотын Одабашы дүүргээс байшингийн нурангин дороос 26, 34 настай хоёр эрийг аварчээ. Тэд нурсан барилгын хоёр хавтангийн хооронд хавчуулагдсан байсан гэнэ. Тэднийг аврахаар олон цагийн туршид ажиллаж, эсэн мэнд гаргасны дараа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, улмаар эмнэлэгт хүргэжээ.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө Туркэд болсон хүчтэй газар хөдлөлт хөрш Сири улсад ч ихээхэн хохирол дагуулсан юм. Газар хөдлөлтийн улмаас олон мянган барилга байшин нурж, нурангинд даруулсны улмаас энэ хоёр улсад амиа алдсан хүний тоо 42 мянгыг даваад байна.
Газар хөдлөлт: Сири зовлонд ганцаар үлдсэний учир
Хатай мужид нуралгүй үлдсэн цор ганц хот болох Эрзин хотын дарга Оккеш Эльмасоглу
Г.Бямбасүрэн
Уншиж байна |