Хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө Туркэд хүчтэй газар хөдлөлт болсон нь хөрш орнуудад нь ч мэдрэгдэж, тэр дундаа Сири ихээхэн хохирол амссан юм. Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас 41 мянга гаруй хүн амиа алдаж, олон сая хүн орох оронгүй болсон юм.
Сүүлийн 100 жилд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож буй энэхүү байгалийн гамшгийн дараа дэлхийн улс орнууд аврагчдаа илгээн, эрэн хайх, аврах ажиллагаанд туслан, тонн тонноор нь хүмүүнлэгийн тусламж ачуулсан. Хүйтний улиралд хохирогчдод орогнох байр нэн хэрэгтэй байгаа тул улс орнууд майхан, чингэлгэн сууц илгээж байгаа бол нүүдэлчид хурааж, барихад хялбар, дулаан гэрээ илгээсэн юм. Ингэснээр Туркэд монгол, казах, киргиз гэрээс бүтсэн хотхонууд бий болжээ.
Монгол
Гамшиг тохиосон Туркэд туслаж буй олон орны нэг нь манай улс. Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сарын долооны өдөр ээлжит бус хуралдааныхаа үеэр газар хөдлөлтөд нэрвэгдсэн орнуудад туслах шийдвэр гаргасан юм.
Улмаар мөн өдрийн орой нь эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох аврагчдын баг Турк улсыг зорьсон. Манай улсаас 35 алба хаагч бүхий баг томилогдсоны 25 нь эрэн хайх аврагч, 10 нь цэргийн эмч нар юм. Багийг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ахлан явж байна. Аврагчдын хоёр нь эмэгтэй цэргийн алба хаагч юм. Мөн энэ багийн бүрэлдэхүүнд Марта, Балу дуудлагат хоёр эрэлч нохой багтаж байна. Тэд үүргээ амжилттай биелүүлж, найман хүний амийг аварчээ.
Үүний зэрэгцээ Монгол Улс Турк рүү таван тонн нөөшилсөн мах, нэг тонн лаа, 1000 хөнжил, 20 монгол гэр илгээсэн юм. Мөн Сири улс руу таван тонн нөөшилсөн махан бүтээгдэхүүн, нэг тонн лаа, 500 хөнжил илгээхээр болжээ. Харин олон нийтийн хандиваар 35 гэр, 15 асар майхан худалдан авсны эхний ээлжийн иж бүрэн 10 гэрийг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешэд лхагва гарагт хүлээлгэн өгчээ.
Казахстан
Туркэд газар хөдлөлт болж, гамшиг тохиосны дараа улс орнуудын эрх баригчид төдийгүй энгийн иргэд ч хандивт нэгдэн, тусламжийн гараа сунгаж байна. Ийм орнуудын нэг нь Казахстан улс юм.
Казахстаны Засгийн газар Туркэд яаралтай тусламж болгон нэг сая доллар олгохоор болсон. Түүнчлэн Турк рүү тусгай нислэг гарган, 101 хүний бүрэлдэхүүнтэй эмч, аврагчдын багийг илгээсэн юм. Үүний зэрэгцээ байгалийн гамшиг тохиосон бүс рүү 160 тонн хүмүүнлэгийн тусламж, 28 цахилгаан үүсгүүр илгээжээ.
Засгийн газар нь ийнхүү тусалсан бол энгийн ард иргэд нь хандивт нэгдэн, нийт 3 600 000 долларыг цуглуулан, Туркийн талд хүлээлгэн өгчээ. Түүнчлэн орон гэргүй болсон хүмүүст туслахын тулд 20 сая тенге цуглуулж, үүнээс 17 сая тенгегээр 45 гэр худалдаж авчээ. Мөн бизнес эрхлэгчид нь ч тусламжийн гар сунган, 50 гэр худалдаж авснаар нийт 100 орчим гэрийг Турк рүү илгээсэн байна.
Киргиз
Киргиз улс мөн л эрэн хайх аврах ажиллагаанд оролцож байгаа бөгөөд энэ улсын аврагч, эмч, газар хөдлөлт судлаачид гээд нийт 188 хүн, зургаан эрэлч нохойн хамт Туркэд ажилалж байна. Тэд Туркэд ажиллах хугацаандаа таван хүний амийг аварчээ.
Мөн Туркэд боловсрол эзэмшсэн залуус сайн дурын ажилтнаар ажиллахаар Туркийг зорьсон байна. Ард иргэд нь сайн дурын хандивт нэгдэн, мөнгө цуглуулж, Турк рүү илгээсний дээр Ерөнхийлөгч Садыр Жапаровын санаачилгаар гэр илгээж, Туркэд гэр хотхон байгуулжээ.
Хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө Туркийн нутагт 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, энэ хүчтэй газар хөдлөлт хөрш Сирид ч нөлөөлсний улмаас Турк, Сирид олон мянган барилга байшин сүйрч, нурангинд даруулсны улмаас амиа алдсан хүний тоо 41 мянгыг давжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |