Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Газар хөдлөлт шөнө болж, хүмүүс унтаж байсан тул гэрээсээ гарч чадалгүй нурангинд даруулсан юм.
Мягмар гарагийн үдшийн байдлаар Туркэд амиа алдсан хүний тоо 35 мянгыг давсан гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. Энэ нь одоогоос 84 жилийн өмнө, 1939 онд болсон газар хөдлөлтийн үеэр амиа алдсан хүний тооноос ч хавьгүй их байгаа юм. Тиймдээ ч энэ удаагийн газар хөдлөлт Туркийн орчин үеийн түүхэн дэх хамгийн их сүйрэл дагуулсан байгалийн гамшигт тооцогдож байна.
Харин Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 5800-д хүрчээ.
200 цагийн дараа ч амьд үлдсэн хүмүүсийг олов
Газар хөдлөлтөөс хойш олон хоног өнгөрсөн ч аврагчид эрэн хайх, аврах ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм. Мягмар гарагт гэхэд л нурангин дор 200 гаруй цаг байсан дөрвөн хүнийг эрлийн үеэр олж, аварчээ.
Тухайлбал, Адыяманд аврагчид нурангин дор найман өдөр хагас буюу 207 цагийн туршид нурангин дор байсан 12 настай Бератыг олсон байна. Харин түүний гэр бүлийнхэн хараахан олдоогүй байгаа аж.
Мөн Кахраманмараш хотод газар хөдлөснөөс хойш 205 цагийн дараа 35 настай эмэгтэйг аварч чаджээ. Туркийн Анадолу агентлагийн мэдээлснээр, аврагчид эмэгтэйг аврахын тулд таван метр урттай хонгил ухаж, түүгээр дамжин эмэгтэйд хүрчээ.
Үүнээс нэг цагийн өмнө Антакья хотод олон давхар байшингийн нурангин дороос 204 цаг аврагчдыг хүлээсэн Муна гэх эмэгтэйг аварсан бол үүнээс өмнөхөн 26 настай Эмина бүсгүйг мөн аварчээ.
Түүнчлэн, газар хөдлөснөөс хойш 198 цагийн дараа гурван залууг аварсан байна. Тэдний нэг болох 18 настай Мухаммедыг Адяыман хотын долоон давхар барилгын нурангин дороос аварсан бол 17 настай Мухаммед, түүний ах 21 настай Баки нарыг мөн л таван метр урттай хонгил ухаж гарган, түүгээр дамжуулан аварчээ.
Туркийн хэвлэлүүдийн мэдээлснээр, аврагчид амьд хүн байх шинж тэмдэг илэрсэн хэд хэдэн нурангин дороос амьд үлдэгсдийг олох найдлагаа хаяхгүй, ажлаа үргэлжлүүлсээр байгаа гэнэ. Эрэн, хайх аврах ажиллагаанд нийтдээ 249 мянган хүн оролцож байгаа аж.
Тусламж, эдийн засгийн хохирол
Газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсны дээр хүнс, эм бэлдмэлийн хомстолд орсон иргэдэд тусламж нэн шаардлагатай байгаа юм. Тиймээс Туркийн эрх баригчид газар хөдлөлтийн улмаас хохирсон өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд 100 000 турк лир (5300 ам.доллар)-ийг тусламж болгон өгөхөөр болсон байна. Одоогоор 1,6 сая хүнд түр байрлах байр олгосон, тэднийг нийтийн байр, зочид буудлуудад байрлуулжээ. Мөн 2,2 сая хүнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар хүргэсэн байна.
Туркэд газар хөдлөлт болсон бүс нутгуудад ирэх сараас барилга барих ажил эхлэх гэнэ. Эхний ээлжинд 30 мянган байр барина гэж Эрдоган мэдэгджээ.
Туркэд болсон газар хөдлөлтийн уламас тус улсад учирсан эдийн засгийн хохирлыг 84 тэрбум доллар гэж шинжээчид үнэлж байна. Үүнээс 70,8 тэрбум доллар нь орон сууцны барилгууд, 10,4 тэрбум доллар нь улсын орлогын алдагдал аж.
Зовлонгийн хажуугаар луйвар
Гамшиг зовлонг мөнгөжих арга болгон ашиглагсад олон нийтийн сүлжээнд олонтаа гарчээ. ВВС агентлагийн мэдээлснээр, луйварчид хандив цуглуулах нэрээр ТикТок сүлжээнд хуучин зураг ашиглах нь олонтаа байгаа гэнэ.
"Бид Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдсанд гүнээ эмгэнэж, газар хөдлөлтийн улмаас хохирсон хүмүүст туслахад хувь нэмрээ оруулж байна. Түүнчлэн хүмүүсийг бусдад туслахдаа луйварчдын олз болчихгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа " хэмээн ТикТокийн төлөөлөгч ВВС агентлагти ярьсан байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, луйварчид сэтгэл өвтгөм гэрэл зургуудыг тавьж, хандив өгөх нэрийдлээр луйвар хийн, өөрсдийнхөө дансыг тавьж байгаа гэнэ.
Нэг хэрэглэгч гэхэд нурсан барилгын наана бяцхан хүүг тэврэн зогсож байгаа гал сөнөөгчийн зургийг 12 цагийн туршид найман удаа нийтлэн, хандив өргөхийг уриалжээ. Гэвч энэ зураг нь бодит зураг биш аж. Грекийн ОЕМА хэвлэлийн мэдээлснээр, энэ зургийн Эгейн тэнгисийн гал сөнөөх бригадын хошууч генерал Панагиотис Кортридос Midjourney хиймэл оюун ухааны программын тусламжтайгаар бүтээжээ.
Түүнчлэн, Твиттер хуудсуудаар криптовалютын данс байрлуулж, хандив нэрээр луйвар хийх явдал олширчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |