Ирэх тавдугаар сард Германд болох Олон улсын наадамд Оросын нэрт дуурийн дуучин Анна Нетребко оролцохоор болсон тул Украины уран бүтээлчид түүнтэй хамт нэг тайзан дээр гарахгүй хэмээн эсэргүүцэж, зохион байгуулагчдаас нь аль нэгийг нь сонгохыг шаардаж байсан. Харин энэ удаад Нетребкогийн нутаг нэгтнүүд түүнтэй тайзнаа хамт гарахаас татгалзжээ.
Эрх чөлөө радиогийн мэдээлснээр, тавдугаар сард Германы Висбаден хотод болох Олон улсын наадамд дуурийн дуучин Анна Нетребко оролцох тул Оросын панк хамтлаг Pussy Riot энэ наадамд оролцохоос татгалзсан аж. Ингэснээр энэ хамтлагийнхан Нетребкогоос болж наадамд оролцохгүй гэж мэдэгдсэн Украины уран бүтээлчидтэй эв санаа нэг байгаагаа илэрхийлсэн байна.
Тавдугаар сард болох наадамд Украины Үндэсний дуурийн найрал дуу, Украины Үндэсний симфони найрал хөгжим оролцох төлөвлөгөөтэй байв. Гэвч наадамд Нетребко оролцох нь тодорхой болсны дараа Украины Үндэсний дуурийн ерөнхий захирал болон Украины Соёлын сайд нар наадмыг зохион байгуулагчдад хаягласан захидал илгээжээ. Энэ захидалдаа тэд Орос соёлыг төлөөлж байгаа хүмүүстэй хамтран ажиллахыг тэсвэрлэхгүй хэмээн онцолсон байна. Зохион байгуулагчид Оросын соёлыг бүхэлд нь няцаах боломжгүй гэж мэдэгдээд, Украины уран бүтээлчдийн оронд Оросын эрх баригчдыг ихээхэн эсэргүүцдэг Pussy Riot хамтлагийг урьсан ч энэ хамтлагийнхан мөн л ийнхүү татгалзжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |