Туркийн Малатья хотод эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байхдаа савраа гэмтээсэн ч ажлаа үргэлжлүүлж байгаа нохойн зураг олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ нохой Кепюк дуудлагатай аврагч нохой аж.
Туркийн Trthaber хэвлэлийн мэдээлснээр, Кепюкийг байгалийн гамшгийн үеэр хүмүүсийг эрэн хайхын тулд тусгайлан сургажээ. Ингээд газар хөдлөлтийн дараа Кепюк сургагч Дерсим Булут болон Ниязи Окбекийн хамт хүмүүст туслахаар Малатьяд иржээ.
Эрлийн ажлын үеэр нохой шилний хагархайд савраа зүссэн ч ажлаа үргэлжлүүлсээр байгаа гэнэ. Кепюк хэдийнэ таван хүнийг нурангин дороос олжээ.
"Манай малын эмч түүнд тусламж үзүүлсэн. Нохой маань ажлаа үргэлжлүүлэхийг "зөвшөөрсөн" тул бид эрлээ үргэлжлүүлсэн юм. Ингэж эргэн ажилдаа ороод 55 настай Эрол гэх эрийг олсон. Кепюк саврандаа оёдол тавиулсан. Одоогоор эрүүл мэнд нь хэвийн. Манай нохой маш их эр зориг гаргаж ажиллаж байна" хэмээн нохой сургагч Дерсим Булут хэвлэлд өгүүлжээ.
Түүнчлэн эрлийн үеэр Кепюкт хүүхдийн тоглоом үнэрлүүлэхэд нохой үнэрийг нь аваад, шархадсан хүн байсан газрыг олсон гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |