Канадтай залгаа хил дээр, Гурон нуурын дээгүүр нисэж явсан өөр нэг нисдэг биетийг АНУ-ын Агаарын цэргийн хүчний F-16 сөнөөгч онгоцоор устгасан гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Пэт Райдер мэдэгджээ.
Түүний мэдээлснээр, Мичиган мужид Гурон нууран дээгүүр Америкийн орон зайд 6000 метрийн өндөрт нисэж явсан нисдэг объектыг F-16 сөнөөгч онгоцноос AIM9х пуужин харваж устгасан байна. Энэ объект цэргийн аюул занал учруулаагүй ч нислэгийн аюулгүй байдалд заналхийлж байсан тул Байдены тушаалаар устгажээ.
Ням гарагт илрүүлж, сөнөөгч онгоцоор устгасан энэ объект нь сүүлийн долоо хоногт АНУ, Канадын агаарын орон зайд устгагдсан дөрөв дэх объект болсон юм. Өмнө нь Өмнөд Каролинагийн эрэг орчимд болон Аляскад хоёр объектийг устгасан бол нэг объектийг Канадын агаарын орон зайд нисэж байхад нь устгасан. Эдгээрийн нэг нь тагнуулын зориулалттай нисдэг биет байсан гэж Пентагон мэдэгдэж байв. Энэ нь Хятадын тагнуулын агаарын бөмбөлөг гэж АНУ үзэж устгасан бол Хятадын тал бөмбөлгийг цаг агаар судлалынх, давагдашгүй хүчин зүйлийн улмаас АНУ -ын нутаг руу орсон хэмээн мэдэгдэж, бөмбөлгийг устгасны дараа АНУ-ын талд албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |