Хоёрдугаар сарын зургааны өдөр Турк, Сирид газар хөдөлсний дараа дэлхийн улс орнууд гар сунган тусалсан ч ихэнх тусламж Туркийг зорьж байлаа. Байгалийн гамшгийн дараа Сирийн иргэд өөрсдийгөө хаягдсан мэдрэмж авч байгаа хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн тусламж эрхэлсэн орлогч Мартин Гриффитс мэдэгджээ.
"Бид Сирийн хойд хэсэгт байгаа хүмүүст итгэл найдвар төрүүлчхээд орхичихлоо. Тэд өөрсдийгөө хаягдсан мэт мэдэрч байгаа. Огт очоогүй олон улсын тусламжийг тэд хайж байна. Бид энэ алдаагаа аль болох хурдан засах ёстой. Би одоо үүн дээр анхаарч байна" хэмээн Гриффитс Твиттер хуудсандаа бичжээ.
Өнгөрсөн даваа гарагт Турк, Сирид 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь сүүлийн 100 жилд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдсон бөгөөд энэ гамшгийн улмаас 33 мянга гаруй хүн амиа алдсан юм. Дэлхийн олон орон Туркэд тусламж үзүүлнэ хэмээн мэдэгдсэн ч Сирид үзүүлж буй тусламж бага байгаа юм. Евроньюс агентлагийн мэдээлснээр, тусламж хүрэлцэхгүй байгаатай холбоотойгоор сиричүүд эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн байна. Сирид иргэний дайны улмаас иргэд амьдрах нөхцөл хүнд болж, олон сая хүн майхант хуаранд хоног төөрүүлж байгаа бол байгалийн гамшгийн дараа нөхцөл байдал улам дордсон юм.
ГАЗАР ХӨДЛӨЛТ: СИРИ ЗОВЛОНД ГАНЦААР ҮЛДСЭНИЙ УЧИР
Турк, Сирид даваа гарагт хүчтэй газар хөдлөлт болсны дараагаас л дэлхийн улс орнууд хохирогчдод тусламж үзүүлнэ гэж ээлж дараалан мэдэгдэж байв. Олон орны аврах багийнхан эрэлч нохойтойгоо онгоц онгоцоор нисэв. Гэхдээ тэдний нислэгийн чиглэл нь Турк л байлаа.ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...
Г.Бямбасүрэн