Газар хөдлөлтийн улмаас нурсан барилгуудад тонуул хийж, утсаар луйвар хийсэн хэрэгт сэжиглэгдсэн 100 орчим хүнийг Туркийн хууль сахиулах байгууллагынхан баривчилжээ. Энэ талаар Аюулгүй байдлын албанаас авсан эх сурвалжтайгаар Анадолу агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Туркийн Хатай мужид барилгын нурангиас тонуул хийсэн хэрэгт сэжиглэн 40 хүнийг баривчилсан бөгөөд тэднээс нийт 11 мянган ам.доллар, 70 мянган лир (3,7 мянган ам.доллар), 20 гар утас, найман зөөврийн компьютер, ахуйн хэрэглээний төхөөрөмж тав, зургаан гар буу, гурван винтов, бусад үнэт зүйлс, банкны карт хураан авчээ.
Түүнчлэн, өөрсдийгөө хүмүүнлэгийн ажилтнууд гэж танилцуулан, Хатай мужид хохирогчдод зориулсан хүнс ачсан зургаан ачааны машиныг хулгайлах гэсэн хоёр хүнийг баривчилсан байна. Мөн газар хөдлөлтийн дараа хохирогчид руу утасдан, тусламж үзүүлнэ хэмээн худал хэлж, банкны мэдээллийг нь цуглуулсан хэд хэдэн этгээдийг баривчилжээ.
Эргэн сануулахад, Турк, Сирид хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө 7,7, 7,6 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлт болсон юм. Энэ газар хөдлөлтийн улмаас хөрш орнуудад нийтдээ 33 мянга гаруй хүн амиа алдсан юм.
ГАЗАР ХӨДЛӨЛТ: БАРИЛГЫН САЛБАРТ БАРИВЧИЛГАА ЭХЭЛЖ, АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 33 МЯНГЫГ ДАВАВ
Өнгөрсөн даваа гарагт Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 33 мянгыг давжээ. Туркэд гэхэд л нэг муж бүхэлдээ сүйрсэн бол Сирийн хойд хэсгүүдээр газар хөдлөлтийн улмаас ихээхэн хохирол амссан юм. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...
Г.Бямбасүрэн