Өнгөрсөн даваа гарагт Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 33 мянгыг давжээ. Туркэд гэхэд л нэг муж бүхэлдээ сүйрсэн бол Сирийн хойд хэсгүүдээр газар хөдлөлтийн улмаас ихээхэн хохирол амссан юм.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, ням гарагийн байдлаар Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 33 181 болсон байна. Туркэд 29 605 хүн, харин Сирид 3 576 хүн амиа алджээ. Энэ тоо эцсийнх биш, амиа алдсан хүний тоо хавьгүй их болно гэж Цагаан дуулга төрийн бус байгууллагынхан CNN телевизэд мэдээлсэн байна.
Олон хоногийн дараа аврагдсан гайхалтай тохиолдлууд
Газар хөдлөлт болсноос хойш хугацаа өнгөрөх тусам нурангин дороос амьд хүн олох магадлал багасаж байсан ч хоёр , гурав хоногийн дараа ч амьд үлдэгсдийг олсоор байсан нь Туркийн ард түмэнд төдийгүй дэлхий нийтэд итгэл төрүүлж байлаа. Ням гарагт ч мөн ийм гайхалтай гэмээр тохиолдлууд гарчээ.
Тодруулбал, газар хөдлөлт болсноос хойш 147 цаг буюу зургаан өдрийн дараа Хатай мужаас 10 настай охиныг нурангин дороос олсон талаар Туркийн эрх баригчид мэдэгджээ. Эрэн хайх, аврах багийнхан Кади хэмээх 10 настай охиныг нурангинаас эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргэжээ. Түүнчлэн, мөн Хатай мужид газар хөдөлснөөс хойш 149 цагийн дараа зургаан давхар барилгын нурангин дороос 35 настай Мустафа Сарыгюль гэх эрийг аварсан байна. Эрэн хайх, аврах багийнхан, цэргийн алба хаагчид болон Румыний эрэн хайх аврах бшлгийнхэн Мустафаг аврахын тулд таван цаг ажилласан гэнэ.
Нэрээ нууцалсан хандивлагч
Турк, Сирид газар хөдөлсний дараа дэлхийн улс орны засгийн газрууд, олон улсын байгууллагууд болон энгийн иргэд ч хандив өргөн, тусламж илгээсээр байгаа юм. Олон хүн чадах чинээгээрээ туслахаар хандив тусламжид нэгдэж байв. Зарим хүмүүс нэрээ нууцлан хандив өргөсөн тохиолдол гарчээ. Тодруулбал, АНУ-аас нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн хүн Турк, Сирийн газар хөдлөлтөд хохирогчдод зориулан 30 сая доллар хандивласан гэнэ.
"АНУ дахь Туркийн Элчин сайдын яам руу очиж, Турк, Сирийн газар хөдлөлтөд хохирогчдод 30 сая доллар хандивласан, нэрээ хэлэхийг хүсээгүй пакистан хүний үйлдлийг сонсоод үнэхээр сэтгэл хөдөлгөлөө. Давж гарамгүй хүндрэлийг ялахын тулд хүн төрөлхтөнд дэм өгөх үнэхээр гайхалтай, хүнлэг алхам" хэмээн Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф Твиттер хуудсандаа бичжээ.
Туркийн төрийн хэвлэлүүдийн нэг болох Анадолу агентлаг энэ мэдээллийг баталсан байна.
Газар хөдлөлтийн дараах баривчилгаа
Туркэд газар хөдлөлтийн дараа иргэд барилгын компаниуд, тэдэнд хууль бусаар зөвшөөрөл өгсөн эрх баригчдыг буруутгаж байлаа. Тэр дундаа газар хөдлөлтийн үеэр бүхэлдээ ханаран нурсан орон сууцны хорооллын гэрэл зураг, дүрс бичлэг цацагдаж, барилгын норм журмыг зөрчсөн хүмүүсийг олж хариуцлага тооцохыг Туркийн ард түмэн шаардаж байсан юм.
Улмаар, Туркийн үнэ цэнтэй гэгддэг хорооллуудын нэг болох "Ренессанс" хороолын барилгыг барьсан компанийн архитектор болон гүйцэтгэгч Мехмет Яшар Жошкун хэмээх архитекторыг бямба гарагт нисэх буудал дээр байхад нь саатуулан баривчилсан. Тэрбээр их хэмжээний мөнгө аван улсаасаа зугтах гэж байсан гэж Туркийн хэвлэлүүд мэдээлсэн юм.
Түүнчлэн, газар хөдлөлтийн улмаас бүхэлдээ нурсан байрнуудын барилгын ажилтай холбоотой хэд хэдэн этгээдүүдийг баривчилжээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 11-ний өдөр Кипрээс барилгын компанийн эзэн Хасан Альпаргюныг баривчлан саатуулсан байна. Түүнчлэн Адана хотын прокурорын газар дахин 62 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ.
Нийтдээ 131 хүнийг баривчлан саатуулах зөвшөөрөл өгсөн бөгөөд тэднийг барилга нурсанд буруутай гэж сэжиглэж байгаа хэмээн Туркийн дэд Ерөнхийлөгч Фуат Октай мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулдсан байна.
Мөн Туркийн Хуульзүйн яам хууль журам зөрчсөн барилгын гүйцэтгэгчид, архитектор, геологч, инженерүүдийг илрүүлэх, тэдний гэм бурууг тогтоох нотлох баримт цуглуулахын тусгай ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Г.Бямбасүрэн
Г.Бямбасүрэн