Туркийн далбаа хатгаж, машиныхаа тээш хийх хэсэг, тэр бүү хэл дээд талд нь ч дүүрэн тусламжийн бараа ачиж яваа эрийн зураг олон нийтийн сүлжээгээр ихээхэн тархжээ.
Энэ зураг дээрх эр нь Азербайжаны 33 настай иргэн бөгөөд "ах дүү орныхоо хүмүүст туслах нь миний үүрэг" хэмээн Андолу агентлагт ярьсан байна.
"Туркэд газар хөдлөлт болдог өдөр би үеэл ах нартайгаа хамт байсан. Тэгээд бид ах дүүгийнх шиг харилцаатай орондоо туслаж, дэмжихээр шийдсэн юм" хэмээн Сарвар Баширли ярьжээ. Түүний өгүүлснээр, тэдний орлого муу, ядуу зүдүү амьдардаг ч байгаагаараа туслахаар шийдсэн гэнэ.
Дараа нь хамаатнууд руугаа очиж, Туркийн газар хөдлөлтийн улмаас хохирсон хүмүүст шаардлагатай бүхнийг цуглуулсан гэнэ.
"Зарим зүйлийг хамаатнуудынхаа гэрээс авсан. Миний эмээ нийтийн байранд амьдардаг ч мөн л тусласан. Зарим хөрш нь туркийн ард түмнийг дэмжих гээд эд зүйл авчирж өгсөн юм" хэмээн тэрбээр ярьжээ.
Ингээд тэрбээр 1981 оны хуучин машин дээрээ хэдэн гудас, даавуун ууттай эд зүйл баглаж, ачааны хэсэгт тусламжийн бараа багтахгүй байсан тул хаалгүй тэр чигт нь онгорхой орхин замдаа гарчээ. Баширли эдгээр тусламжийн бараагаа Баку хотод байгуулагдсан тусламж цуглуулах төвд хүргэж өгсөн байна.
"Туркийн ард түмэнд туслах нь миний үүрэг гэж боддог. Бид хоёр өөр улс ч нэг үндэстэн. Хийх ёстой учраас бид үүнийг хийсэн. Бид хийсээр ч байх болно" хэмээн Баширли өгүүлжээ.
Түүнийг машинтайгаа явж байх үед хэн нэгэн нь санамсаргүй авч, олон нийтийн сүлжээнд оруулсан гэрэл зураг олон сая хүний анхаарлыг татаж, олон нийтийн хэрэглэгчид түүний хүчин чармайлтыг ихээр үнэлсэн юм. Хүмүүс түүний үлгэр дуурайлал бусдад сайнаар нөлөөлнө хэмээн бичсэн байна. Түүнчлэн Азербайжан дахь Туркийн элчин сайд Жахид Багджи Сарвар Баширли рүү утасдан талархал илэрхийлсэн гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |