Хоёрдугаар сарын зургааны өдөр турк, Сирид 7,6-7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь сүүлийн 100 жилд тохиож байгаагүй хөнөөл дагуулсан байгалийн гамшгуудын нэгд тооцогдож байна. Пүрэв гарагийн үдшийн байдлаар амиа алдсан хүний тоо энэ хоёр улсад 20 мянгыг давсан бол Туркэд 20 гаруй мянган хүнийг нурангин дороос эсэн мэнд гарган авч чаджээ.
Хэд хоногийн туршид нурангин дор байсан ч амьд мэнд үлдсэн хүмүүсийн дунд олон хүүхэд байгаа юм. Тэднийг хэрхэн олж, аварч байгаа бичлэг дэлхий даяар түгсэн. Тэр дундаа эхийнхээ хүйгээр холбоотой нярай, ой гарантай бяцхан жаалын бичлэг олны сэтгэлийг хөдөлгөж байлаа.Олны сэтгэлийг хөдөлгөж, дэлхий даяар түгсэн бичлэг дээрх хүүхдүүдийн түүхийг хуваалцъя.
Хүй нь хөндөгдөөгүй нярай
Сирийн хойд хэсгээс байшингийн нурангин дороос газар хөдлөлтийн үеэр амиа алдсан ээжтэйгээ хүйгээрээ холбогдсон нярайг аварсан нь жинхэнэ гайхамшиг байлаа.
"Бид нурангийг ухаж байхдаа чимээ сонссон. Нурангийг зайлуулаад, хүйгээрээ холбогдсон хүүхдийг олоод хүйг нь тасалж, охиныг эмнэлэг рүү хүргэсэн" хэмээн охины авга ах Хали аль-Сувади сэтгүүлчдэд ярьжээ.
Дөнгөж мэндэлсэн хүүдийг аварч буй бичлэг олон нийтийн сүлжээгээр хурдтай тархсан юм. Дүрс бичлэг дээр нэгэн эрэгтэй дөрвөн давхар байшингийн нурангинаас бяцхан хүүхдийг барин гүйж яваа харагдана. Хоёр дахь хүн түүнийг угтан, охиныг дулаацуулах бүтээлэг барин гүйж байх аж.
Нярай осголтын байдалтай байсан гэх бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Бие нь шалбарсан, хөл гар нь хөхөрсөн байсан ч одоо биеийн байдал тогтвортой байгаа аж. Харамсалтай түүний гэр бүлийн долоон гишүүн болох ээж, аав, ах эгч нар нь бүгд амиа алджээ.
Бяцхан дүүгээ хамгаалах зоригт эгч
Газар хөдлөлтийн дараа, Сирийн хойд нутагт хүйтэнд 36 цагийн туршид нурангин дор байсан эгч дүү хоёр мөн л аврагчдын ачаар эсэн мэнд үлджээ. Эгч нь долоон настай, түүнийг Мираим гэх бөгөөд дүүгээ хамгаалсаар олон цагийг өнгөрүүлжээ.
Аврагчид тэднийг олоход охин "Биднийг эндээс гаргаач, би таны төлөө бүхнийг хийнэ" хэмээн шивнэх аж. Үүний дараа охин "Би таны зарц болъё" гэхэд аврагч хариуд нь "Үгүй дээ" хэмээн хариулна.
Мириам охин дүүгээ тайтгаруулахын тулд толгойг нь зөөлнөөр илэх аж. Түүнчлэн шороо тоос, нуранганаас хамгаалах дүүгийнхээ нүүрийг халхалж байна. Тэднийг 36 цагийн дараа олж, эмнэлэгт хүргэжээ.
.
Нурангин дор 53 цаг байсан ой гарантай хүү
Хоёрдугаар сарын наймны өдөр Туркийн Шанлыурфа хотын таван давхар барилгын нурангин дороос 53 цаг нурангинд дарагдсан ой гарантай хүүг амьд мэнд гарган авсан юм.
Хоёр өдрийг нурангин дор хоол, усчгүй өнгөрөөгөөд амьд мэнд үлдсэн нь гайхамшиг хэмээн аврагчид өгүүлжээ. Хүүг эмнэлэгт хүргэсэн байна.
Зургаан сартай охин
Туркийн Хатай мужид газар хөдлөлт болж, байшин нь нурснаас 30 цагийн дараа зургаан сартай Айше болон түүний ээжийг нуранган дороос эсэн мэнд олж, аварчээ. Тэднийг Хатай мужийн Одабаши дахь олон давхар барилгын нуранган дороос олсон бөгөөд ээж Хэлью Йылмаз 30 настай, охин Айше Вера Йылмаз зургаан сартай аж. Эсэн мэнд үлдсэн ээж охин хоёрыг мөн л эмнэлэгт хүргэсэн, одоо тэдний эрүүл мэндийн байдал хэвийн байгаа аж.
Уншиж байна |