Даваа гарагт Туркийн зүүн өмнөд, Сирийн хойд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 20 мянгыг давжээ. Олон мянган барилга байшин нурж, хэдэн арван мянган хүн орон гэргүй үлдэв. Аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа ч нурангин дороос амьд үлдсэн хүнийг олох магадлал улам л багасчээ.
Пүрэв гарагийн үдшийн байдлаар Туркэд амиа алдсан хүний тоо 17134-д хүрсэн гэж Туркийн Онцгой байдлын яам мэдээлсэн бол Ройтерс агентлагийн мэдээлснээр, Сирид 3162 хүн газар хөдлөлтийн улмаас амиа алджээ.
Олон хүн нурангинд дарагдсан хэвээр, эрэн хайх, аврах ажиллага үргэлжилж байгаа, хохирогчдын тоо ч улам нэмэгдэж болзошгүй байгаа юм. Үүний зэрэгцээ нурангин дороос аврагдаж чадсан хүмүүс хүнд нөхцөлийг тэсэн гарах гэсэн өөр нэг бэрх сорилт тулгарчээ. Өдгөө Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүс өвлийн хүйтэн нөхцөлд ундны ус, цахилгаан холбоо, ахалаалт дулаангүйгээр гадаа амьдарч байгаа юм.
"Аврагчид ажиллаж байгаа шиг шуурхай, үр дүнтэй ажиллаж чадахгүй бол тэдний аварсан хүмүүсийг алдаж, хоёр дахь гамшиг нүүрлэх бодит аюул тулгараад байна" гэж ДЭМБ-ын Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах менежер Роберт Холден мэдэгджээ.
Энэ үеэр эрх баригчид, барилгын компаниудыг ч буруутгах хандлага газар авч байна. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд олон давхар барилга барихдаа хууль журам мөрдөөгүй гэж иргэд тэднийг буруутгаж байгаа юм.
Туркийн газар хөдлөлт: Барилгын салбар дахь авлига олон хүний аминд хүрлээ
Үүний хариуд, газар хөдлөлт болсон нутаг дэвсгэрт ажиллаж байгаа Туркийн Ерөнхийлөгч Эрдоган "ийм хүчтэй газар хөдлөлтөд бэлтгэх ямар ч боломжгүй" гэж хариулаад, нөхцөл байдлыг хяналтдаа авсан хэмээн мэдэгджээ. Байгалийн гамшгаас үүдсэн хохирлыг одоогоор тооцох боломжгүй, гэхдээ Fitch Ratings агентлагийн тооцоолсноор Туркэд учирсан эдийн засгийн хохирол хоёр тэрбум долларыг давж дөрвөн тэрбумд хүрч болзошгүй аж.
Сири дэх нөхцөл байдал
Туркийн хөрш Сири улсад нөхцөл байдал тун хүнд байна. Сирийн хойд хэсэгт төв засгийн газар буюу Ерөнхийлөгч Асадын засгийн газар биш харин сөрөг хүчин хяналтаа тогтоосон юм. Олон жилийн туршид дайны хөлд үрэгдсэн Сири одоо газар хөдлөлтийн улмаас хүндхэн зовлонг туулж байна.
Туркэд дэлхийн олон орон тусалж, аврагчдаа илгээн, хүмүүнлэгийн цуваа цаг тутамд хөдөлж байсан бол Сири өчигдрийг хүртэл хаягдсан мэт байв.
Газар хөдлөлт: Сири зовлонд ганцаар үлдсэний учир
Харин газар хөдлөснөөс хойш энэ улсыг зорьсон анхны хүмүүнлэгийн цуваа пүрэв гарагт хүрчээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Баб-эль-Хав хяналт шалгалтын боомтоор дамжин хүмүүнлэгийн цуваа нэвтэрсэн байна. Энэ бүс нутаг эвдэрхий зам, логистикийн хүндрэлүүдийн улмаас тусламж авч чадалгүй дөрвөн хоногийг өнгөрүүлсэн юм.
Газар хөдлөлтөөс ч өмнө хүмүүнлэгийн тусламжаар амь зогоодог байсан оршин суугчид байгалийн гамшгийн дараа тэсэж үлдэх гэсэн хүндхэн сорилттоой тулгарав. Асадын хүрээллийнхэн энэ бүхэнд Барууны орнуудыг буруутгаж, Сирийн эсрэг тавьсан хоригууд нөхцөл байдлыг улам дордуулж байна хэмээн мэдэгдэж байлаа.
"Бидэнд бульдозер, кран алга, бидэнд газрын тос ч хүрэлцэхгүй байна. Энэ бүхэн Европ, Америкийн хоригоос л болсон" гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын зөвлөх Бутаина Шабаан мэдэгджээ.
Сирийн баруун хойд нутаг тусламж хүлээн авахад тун хүнд. Тусламж хүргэх чиглэлүүд нь 12 жил үргэлжилсэн иргэний дайны явцад ар араасаа хаагджээ..
Одоогоор, босогчид хяналтдаа оруулсан энэ нутагт тусламж хүргэх цорын ганц гарц байгаа нь Баб-Эль-Хава боомт аж. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мандатын ачаар нээлттэй байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сард энэ мандатыг дахин зургаан сарын хугацаагаар сунгасан юм. Гэвч газар хөдлөлтийн үеэр зам эвдэрсний улмаас энэ чиглэлээр тусламж хүргэж чадалгүй хугацаа алдсан байна.
Энэ гарцаар гарах боломжтой байлаа ч логистикийн талаас үзвэл баруун хойд нутаг руу тусламжийн цуваа хүрэхэд нэн бэрх. Улс төрийн нөхцөл байдлын улмаас босогчдын хяналтдаа оруулсан бүс нутаг руу хүмүүнлэгийн цувааг зөвшөөрөлгүйгээр явуулах боломжгүй аж. Иймээс л Турк рүү тусламж цувж, харин Сири хоцорч үлдээд байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |