Украины Ерөнхийлөгч Зеленский Лондонд айлчлах үеэрээ Британиас сөнөөгч онгоц өгөхийг хүссэн. Харин Их Британийн эрх баригчид үүнд тоймтой хариулт өгөөгүй талаар хэвлэлүүд мэдээлж байлаа.
Скай Ньюс сувгийн мэдээлснээр, Их Британи Украинд F-35 тийрэлтэт онгоц өгөхгүй гэнэ. Украинд сөнөөгч онгоц нийлүүлэх талаар бодолцох нь үнэхээр "тэнэг хэрэг" хэмээн телевизийн сувагт мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлсэн байна. Түүний өгүүлснээр, F-35 зэрэг онгоцыг Украинд нийлүүлэх нь Их Британийн хувьд "хэт үнэтэй, хүнд" тусна, тэглээ ч нөөц онгоц байхгүй аж. Үүний зэрэгцээ Украины нисгэгчдийг бэлдэхэд 8-10 жил шаардагдах гэнэ.
Энд дуулгахад, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хоёрдугаар сарын наймны өдөр Их Британид айлчлах үеэрээ парламентад үг хэлсэн юм. Энэ үеэрээ тэрбээр "Бидэнд эрх чөлөө бий, түүнийгээ хамгаалахад жигүүр өгөөч" хэмээн сөнөөгч онгоц нийлүүлэхийг хүсэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |