Сүүлийн үед Фейсбүүк дэх группүүдээр “санхүүгийн дэмжлэг өгнө”, “зээл олгоно” гэхчлэн зарыг хуурамч хаягууд оруулж, хүмүүсээс банкных нь мэдээллийг ч авах оролдлого гарсаар байгаа юм. Хэдийгээр та харьцдаг банкаа, картныхаа дугаартай хэлчихлээ гэхэд луйварчид шууд таны дансыг хоосолж чадахгүй ч энэ мэдээллийг луйвартаа ашиглах нь олон улсад түгээмэл байдаг. Тиймээс банкны ямар мэдээллийг нууцлах, луйварт өртөхгүйн тулд ямар арга хэмжээ авах ёстой талаарх мэдээллийг Fincult.info сайтаас авсан эх сурвалжтайгаар хүргэж байна.
Банкны ямар мэдээллийг бусдад өгч болох вэ?
Ямар зорилгоор таниас энэ мэдээллийг асууж байгаагаас бүх зүйл шалтгаална. Танд мөнгө шилжүүлэх зорилгоор асууж байгаа бол та дараах мэдээллийг өгч болно.
• Банкны нэр, дансаа холбосон утасны дугаар. Ихэнх тохиолдолд энэ мэдээлэл мөнгө шилжүүлэхэд хангалттай байдаг.
• Банкны картын дугаар. Банкны картын дугаар нь нүүрэн талд байх бөгөөд ихэвчлэн 16 оронт тоогоос бүрдсэн байдаг. Энэ дугаарыг мэдсэнээр шилжүүлэг хийх боломжтой.
• Дансны дугаар. Монголын банкуудын хувьд дансны дугаарын орон харилцан адилгүй байдаг. Энэ дугаар мөн л шилжүүлэг хийхэд хэрэгтэй.
Луйварчин гагцхүү таны харьцдаг банкны нэр, утасны дугаар, карт эсвэл дансны дугаарыг мэдсэнээр данснаас мөнгө авч чадахгүй. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь луйварчид энэ мэдээллийг олон шатлалт луйвартаа ашигладаг.
Тухайлбал, луйварчин тан руу утасдаад, “... банкнаас холбогдож байна” эсвэл “цагдаагийн газраас залгаж байна” гэж хэлээд таныг нэрээр чинь дуудаж, картны дугаарыг хэлнэ. Ингэснээр тэд итгэл олж авах бөгөөд дараа нь мөнгөө “аюулгүй данс” руу шилжүүлэхийг ятгана. Энэ аюулгүй данс гэдэг нь луйварчдын данс байдаг.
Тиймээс данс болон картныхаа мэдээллийг хэн нэгнээс шилжүүлэг хүлээн авахгүй л бол хэлэх хэрэггүй. Мөн олон нийтийн сүлжээнд банкны мэдээллээ нийтлэж болохгүй.
Банкны ямар мэдээллийг бусдад өгч болохгүй вэ?
Банкны ажилтнууд хэзээ ч асуудаггүй мэдээллүүд гэж бий. Ийм мэдээллүүдийг утсаар асууж байвал тантай луйварчин ярьж байна гэсэн үг. Дараах мэдээллийг үргэлж нууцлах ёстой:
• Картын ар талд байгаа гурван оронтой тоо. CVV (Card Verification Value) эсвэл CVC (Card Validation Code) гэсэн код бий. Энэ тоог гагцхүү та л мэдэх ёстой. Ихэвчлэн цахимаар худалдан авалтын төлбөр хийхэд энэ тоог оруулдаг. Энэ тоог картынхаа дугаартай өгчихнө гэдэг нь таны дансыг хоослохыг луйварчдад зөвшөөрчихлөө л гэсэн үг.
• Банкны мессежээр ирсэн нууц үг, код. Банк аливаа гүйлгээ хийх, эсвэл нэвтрэхэд нэг удаагийн нууц үг илгээх нь бий. Энэ нь таныг луйварчдаас хамгаалах нэмэлт хамгаалалт юм. Үүнийг бусдад хэлэх нь гэрийнхээ түлхүүрийг хулгайчид өгснөөс ялгаагүй.
• Картны хүчинтэй хугацаа. Интернетээр худалдан авалтын төлбөр хийхэд мөн л картын хүчинтэй хугацааг оруулдаг. Тиймээс үүнийг ч мөн бусдад хэлж болохгүй.
• Картны пин код . Энэ кодыг нууцалж, картан дээрээ бичихгүй, эсвэл өөр цаасан дээр бичиж хамт авч явахгүй байх хэрэгтэй. Та картаа алдлаа гэхэд код нь бичээтэй байвал картнаас бүх мөнгийг авах шиг хялбар зүйл үгүй.
Луйварчид нууц мэдээллийг авахын тулд фишинг зэрэг хуурамч мэдээллийн сайт ашигладаг. Тиймээс огт мэдэхгүй сайт руу орж, картынхаа мэдээллийг оруулж болохгүй.
Нэгэнт нууц мэдээллээ луйварчдад өгчихсөн бол яах вэ?
Нэн даруй картаа хаа. Апликейшнээр эсвэл банкны лавлах дугаар руу залгаж картаа хаалгаж болно. Ингэснээр та луйварчид таны данс руу өнгийхөөс сэргийлж чадна. Харин цахим банк руу нэвтрэх нууц үг, нэрээ луйварчдад алдсан бол банкны лавлах руу залгаж, интернет банкаа хаалгах хэрэгтэй.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |