Хүн төрөлхтөн бүхий л цаг үеийн туршид ирээдүйгээ төсөөлж, зөгнөж, таамагласаар ирсэн. Өдгөөгөөс 100 жилийн өмнө буюу 1923 онд өнөөгийн 2023 оныг "шинжээчид" хэрхэн төсөөлж байсныг харуулах сонины хайчилбаруудыг Канадаын Калгари их сургуулийн түүхч Пол Фейри цуглуулж байжээ. Түүний цуглуулгаас ирээдүйг хэрхэн зөгнөж байсан нь харагдана.
Ажлын дөрвөн цагтай, хүнд хөдөлмөр гэж үгүй болно
1923 онд өнөөгийн ажлын найман цаг зэрэг хэвийн үзэгдлүүд багагүй ололт, дэвшилтэд тооцогдож байв. Ажлын цагийг найм болгохын төлөөх хөдөлгөө Испанид бүр XVI зуунд үүссэн ч 1817 онд л Английн бизнесмен Роберт Оуэн нэг мөр томъёолон гаргажээ. Тэрбээр "8/8/8" буюу "Найман цагийн хөдөлмөр. Найман цагийн амралт. Найман цагийн нойр" гэсэн санааг гаргаж ирсэн байна.
Харин ажлын найман цагийг хуулиар хүлээн зөвшөөрөх хүртэл багагүй хугацааг үдэж, 1848 онд Австралид, 1866 онд АНУ-д нэвтрүүлжээ. Үндсэн хуулиндаа ажлын цагийг найман цаг гэж тусгасан анхны орон нь Мексик улс болсон бөгөөд энэ улс 1917 онд энэ тухай хуульд тусгажээ.
1923 онд ажлын цагийг багасгах нь соёл иргэншлийн хөгжлийн гол чиглэл гэж боддог байж. Тиймдээ ч ирээдүй судлаач шинжээчид 2000 он гараад хүн төрөлхтөн " цахилгаан эрчим хүчний ачаар өдөрт дөрвөөс дээш цаг ажиллахгүй" гэж таамаглаж байжээ.
Дундаж наслалт 200-300 жил болно
ХХ зууны эхээр хүмүүсийн дундаж наслалт уртсаж эхэлсэн бөгөөд технологийн ид шидээр энэ байдал эцэс төгсгөлгүй үргэлжилнэ гэж таамаглаж байжээ.
XIX зууны сүүлээр дундаж наслалт ердөө 33 байв. Харин 2023 он гэхэд хүмүүс 200 жил ч насладаг болно гэж таамаглаж байсан аж. Өдгөө дэлхийн хүн амын дундаж наслалт 80 нас руу ойртож байна.
Эмэгтэйчүүд халзан болж, гоо бүсгүй шалгаруулдаггүй болно
1923 оны нэгэн антропологчийн таамагласнаар, эрчүүд буржгар үстэй болж харин эмэгтэйчүүд үсээ хусан, шүдээ зориуд харлуулдаг болох гэнэ. 2023 он хэдийнэ ирсэн, азаар түүний таамаглал биелсэнгүй.
Өөр нэг шинжээч ирээдүйд гоо бүсгүй шалгаруулдаггүй болно, учир нь бүгд үзэсгэлэнтэй болох тул хамгийн сайхныг нь шалгаруулахад хүндрэлтэй гэж таамаглажээ.
Хэн ч сонин уншихгүй
1923 онд радио эрчимтэй хөгжиж байв. 1909 онд Чарльз Геррольд анхны радиостанцыг бүтээж, радио нэвтрүүлгүүд хүмүүсийг баясгадаг болсон юм. Тиймдээ ч 2023 он гэхэд сонин устаад 50 жил болсон байна, хүмүүс радиогоор л хөгжим, элдэв яриа сонсдог болно гэж ирээдүй судлаач өгүүлж байжээ.
Энэ судлаач өнөөдөр ихээхэн дэлгэрсэн подкастыг зөгнөсөн байж ч болох юм.
Ухаалаг цаг гарна
2023 он гэхэд хүн бүр "цаг шиг хэмжээтэй радио утастай" болно гэж өөр нэг шинжээч таамаглаж байжээ. Түүний таамагласнаар, ийм радио утсаар дамжуулан мэдээлэл илгээж, кино үзэж, бараа захиалдаг болох бөгөөд шуудан, цаасан захидал гэж үгүй болно гэж зөгнөж байсан гэнэ. Тэр үнэхээр зөв таамаглажээ.
Г.Бямбасүрэн