Хаити улсын нийслэл Порт-о-Пренс хотод 100 орчим цагдаа эмх замбараагүй байдал үүсгэжээ. Энэ нь тус улсад саяхан зургаан офицер бусдын гарт амиа алдсаны дараах эсэргүүцлээс үүдэлтэй гэж CNN мэдээлсэн байна.
Тодруулбал, Хаитигийн зэвсэгт дээрмийн бүлэглэлүүд хууль сахиулагчид руу халдаж, зургаан офицер амиа алджээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор эрх баригчид ямар ч арга хэмжээ аваагүй гэж буруутгасан цагдаагийн ажилтнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн байна. Улмаар цагдаагийн ажилтнууд гудамж хааж, Хаитигийн гол нисэх буудлыг эзлэн авчээ. Түүнчлэн Сайд нарын танхимын тэргүүний өрөө рүү нэвтрэхийг завдсан гэнэ.
ВВС агентлагийн мэдээлснээр, энэ он гарсаар Хаити улсад 14 цагдаа зэвсэгт дээрэмчдийн гарт амиа алдсан байна. Энэ улс дахь гэмт бүлэглэлүүдийг сөрөн зогсохын тулд олон улсын цэргүүдийг Хаити руу илгээх асуудлыг НҮБ дээр хэлэлцэж байгаа аж. Ийм санаачилга анх гурван сарын өмнө гарсан ч нэг ч орон Хаити руу цэргээ илгээх шийдвэр гаргаагүй байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |